Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду Майнз” компани (ASX:XAM, TSX:XAM) Дорноговь аймгийн нутаг дахь Улаан уул зэс, алтны хайгуулын талбайн өрөмдлөгийн ажлын үр дүнг танилцууллаа. Өрөмдлөгийн талбайг тус компани JOGMEC (Japan Oil, Gas and Metals National Corp)-тэй хамтран эзэмшдэг.
Тус компани уг талбайн Stairy хэсгийн ойролцоо нийтдээ 3000 тууш метр өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэснээр зэс, мөнгөний баялаг агуулга бүхий хэд хэдэн цооног өрөмдсөн тухайгаа өгүүлжээ.
Тухайлбал, цооногуудын зэсийн агуулга 1.31-28.9% хүртэл, мөнгөний агуулга 7-114 гр/тн-д хэлбэлзсэн байна. Эдгээр үр дүнг 1865 метр өрөмдлөгийн дээжийг судалж гаргасан бол үлдсэн 1135 метр дээжийн дүнг аравдугаар сарын дунд гэхэд гаргаж дуусах төлөвтэй байна.
Тус компанийн Гүйцэтгэх захирал Эндрю Стюарт хайгуулын үр дүнгийн талаар оны эхээр Stairy хэсэгт явуулсан өрөмдлөгийн ажлын үр дүнтэй ойролцоо байгаад олзуурхаж байгаагаа мэдэгджээ. Сүүлд тогтоосон үр дүн нь Улаан уул талбайн, ялангуяа Stairy хэсгийн цаашид хийх хайгуулын ажлыг илүү тодорхой болгож өгч буйг тэрбээр тэмдэглэжээ.
Улаан уул талбайд оны эхээр нийтдээ 4400 тууш метр өрөмдлөг хийх үед Stairy хэсэгт 4-15.8%-ийн зэсийн агуулгатай дээж тогтоогдсон тухай компани өнгөрсөн гуравдугаар сард зарлаж байсан юм.