Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилийн огтлолцлын цэгийг тохиролцох ажлыг эцэслэн шийдсэнийг (2021.10.13) мэдэгдлээ. Хоёр улсын төмөр замыг уулзуулах хилийн солбицлын эцсийн цэгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л. Халтар өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулж баталгаажуулсан байна.
Энэ тухай Сангийн сайд Б. Жавхлан уг чиглэлийн төмөр замын хилийн солбицлын асуудлыг олон жилийн өмнө ярилцаж тохиролцсоны дагуу шийдсэн болохыг онцоллоо. Өөрөөр хэлбэл Хятадын талаас оруулж ирэх нарийн царигтай төмөр замыг манай нутаг дахь өргөн цариг бүхий төмөр замтай уулзуулж, Монголын талдаа ачиж буулгах терминалыг байгуулна. Одоогийн байдлаар Хятадын талаас аль хэдийнэ цаанаас төмөр замыг хил дээр тулгаад байгуулчихсан бол манай улсын хувьд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх оны долдугаар сард байгуулж дуусах юм.
Мөн Сангийн сайд энэ жилийн нүүрсний экспортын зорилтод томоохон цохилт мэдрэгдэх тухай онцоллоо. Учир нь Цагаан хадны бүсэд 8.2 сая тонны нүүрсний овоолго хадгалагдсан хэвээр байгаа нь үндсэндээ Хятадын тал аль хэдийнэ худалдаад авчихсан нүүрс болохыг тэрбээр тайлбарлалаа. Иймд энэхүү нүүрсийг юун түрүүнд захиалагч талд хүргэж өгөх, улмаар дараа нь экспортоо нэмэгдүүлэх тухай ярих нь зүйтэй болохыг тодотголоо. Энэ ажилд гол түлхэц үзүүлэх найдвар бол саяхан ашиглалтад өгөөд буй чингэлэг тээврийн терминал юм. Цар тахлын үед халдвар хамгааллыг сайтар баримтлах үүднээс нүүрсний чингэлэг тээврийн терминалыг дотоодын компаниуд амжилттай байгуулж, одоо харин Хятадын талтай терминалын үйл ажиллагааны горим, дэглэмийг эцэслэн тохиролцох ажил хүлээгдэж байна.
Б. Төгс