Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монгол Улсын гадаад өрийн бодлогын сорилтууд

 

The Mongolian Mining Journal /Aug.2021 /008/

 

Б.Төгсбилэгт

Цар тахалтай сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийн хэмжээ нэг тэрбум гаруй ам.доллараар нэмэгджээ. Тодруулбал, гадаад өр энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 15.7%-иар өсчээ. Оны төгсгөл гэхэд Монголын гадаад өр одоогийн түвшнээс ялимгүй өсөх дүр зурагтай  ч хуулиар тогтоосон хязгаар болох 70%-д “хөнгөхөн” багтана. Бүр ДНБ-д харьцуулсан дүнгээр өнгөрсөн оны хэмжээнээс ч буурах тооцооллыг Сангийн яам танилцуулжээ. Гэхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өмнөх хувилбараар бол манай улс энэ онд Засгийн газрын өрийн үлдэгдлийг ДНБ-ий 60%-д барих ёстой байсан. Уг заалтыг 2021 оны төсвийн тодотголоор 2024 он болгон хойшлуулсан. Чухамдаа цар тахал улсын өрийн зорилтыг гурван жилээр хойшлуулжээ. Монгол Улс дотоод нөөц бололцоогоо ашиглаж, уул уурхайн төрийн компаниудын авдрыг уудалж, Төв банкинд хадгалаастай төгрөгийг эргэлдүүлсний хүчинд гадаад өр илүү ихээр нэмэгдэж, өрийн дарамтыг бууруулах зорилтот он бүр ч хойшлох байсан аюулыг хаасан нь нууц биш. 

Гэхдээ Засгийн газрын дотоод өр буурах хандлагатай байна. Гадаад өрийн хүүгийн түвшин дотоодынхоос бага учир Засгийн газрын хүүгийн зардлыг бууруулах бодлогыг хэн бүхэн зөвөөр ойлгож болно. Өөрөөр хэлбэл, дотоод өр, бондын хэмжээ буурч, гадаад зээлийн хэмжээ нь өссөөр байна. Асуудал үргэлж хоёр талтай байдагчлан улсын гадаад өрийн асуудал цар тахлын үед  илүү анхаарал татсан сэдэв болж байна. 

Манай улсын Засгийн газрын өр бараг бүхэлдээ гадаадаас эх үүсвэртэй болсон нь гадаад хүчин зүйл, олон улсын зах зээлээс ихээхэн хамааралтай (эмзэг) болгож эхэлж байна. Эрдсийн ханш буурах, эдийн засгийн өсөлт саарах, төгрөгийн ханш сулрах зэрэг нь гадаад өрийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна гэж Монголбанк  мэдээлжээ. Иймд манай улсын өсөлтийн хувь хэмжээ өрийн дарамтын асуудалд ихээхэн чухлаар тавигдаж байна. Тэгвэл Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний улиралд 14.8%-иар өссөн бол залгуулаад эхний хагас жилийн байдлаар өсөлт 6.3%-иар тэмдэглэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулав. Энэ нь өсөлт удааширч буйн дохио. Уул уурхайн салбарын огцом өсөлтийг эс тооцвол хөдөө аж ахуй, өрхийн хэрэглээ буурчээ. Олон улсын байгууллагууд энэ онд Монголын эдийн засаг 5-6%, ирэх онд 6-7%-иар тус тус өсөх таамгийг дэвшүүлсэн юм. Харин Сангийн яам энэ оны өсөлтийг 6.5%, ирэх онд 4.6% байна гэж таамаг дэвшүүллээ. 2020 онд өсөлт 5.3%-иар буурсан  тул энэ оны хүлээгдэж буй 6%-ийн өсөлтөд төдийлөн баярлах хэрэггүйг эдийн засагчид сануулж байна. Дотоодод цар тахлын халдвартай холбоотой амаргүй байгаа ч эрдсийн ханшийн өсөлтийн нөлөөгөөр манай улсын өсөлт баталгаажиж байгаа нь сайн хэрэг юм. 

Хэдий тийм ч Засгийн газрын өр нэмэгдсээр байгаа нь үнэн.  Ялангуяа цар тахлын энэ амаргүй үед. Бүх зүйлийг ковид руу тохох бас утгагүй. Гадаад худалдаа төрөлжөөгүй, урсгал тэнцлийн алдагдлыг гадаад зээл, бондоор санхүүжүүлж ирсэн нь гадаад өр хуримтлагдах шалтгаан болж байна. 

Монгол Улс 2021-2024 онд нийт 13.1 тэрбум ам.долларын гадаад өрийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөх, эсвэл дахин санхүүжүүлэх шаардлагатай. Эндээс 5.7 тэрбум ам.доллар нь Засгийн газар, Хөгжлийн банк, 1.8 тэрбум ам.доллар нь Төв банкны своп хэлцэл, үлдсэн нь хувийн хэвшлийн зээл эзэлж байгааг Төв банк тэмдэглэжээ. 

 Гэхдээ ганцхан манай улсын гадаад өрийн хэмжээ нэмэгдсэн үү гэвэл үгүй. Дэлхий даяараа өрийн хэмжээний өсөлттэй нүүр тулж байна. Гадаад өрийн хэмжээ   хамгийн их өссөн улсын нэг жишээ нь Их Британи. Тус улсын Засгийн газрын шинээр авсан зээлийн хэмжээ 2020-2021 оны санхүүгийн жилд 303 тэрбум фунт стерлингээр хэмжигдэж, нийт өр нь 2,138 тэрбум фунт болсон нь ДНБ-ийнх нь 97.7%-тай тэнцжээ. Цар тахлын өмнөх жил тус улс шинээр 57 тэрбум фунт стерлингийн зээл  авч байжээ. Ийнхүү шинээр авсан зээлийн хэмжээ хоёрдугаар дайнаас хойш дээд хэмжээнд хүрсэн нь цар тахлын хүндрэлийг даван туулахад чиглэсэн төсвийн зарлагын хэмжээ нэмэгдсэний сацуу татварын хөнгөлөлт үзүүлсэн зэрэгтэй холбоотой. 

Бусад улс орон, бүс нутгуудын хувьд ч гадаад өрийн хэмжээ нь нэлээд өссөн. Цар тахлын жилд улс орнуудын өрийн хэмжээ 2020 онд 24 их наяд ам.доллараар өссөн   тооцооллыг Олон улсын санхүүгийн институт (IIF) хийсэн. Ингэснээр дэлхийн улс орнуудын нийт өрийн хэмжээ түүхэн дээд буюу ДНБ-ий  355%-д (281 их наяд ам.доллар) хүрчээ. Энэхүү өрийн өсөлтийн тал хэсгийг Засгийн газруудын цар тахлын үеийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрүүд эзэлсэн байна. 2021 онд ч дэлхийн Засгийн газруудын өрийн хэмжээ 10 их наяд ам.доллар буюу өнгөрсөн оныхтой бараг ижил хэмжээгээр нэмэгдэх тооцооллыг тус байгууллагаас гаргажээ. Засгийн газрууд  эдийн засгийг дэмжих зарцуулалтаа хэрхэн, хэзээ зогсоох шийдвэр нь 2009 оны санхүүгийн хямралын үеийнхээс ч илүү амаргүй байх болно гэж IIF тодотгожээ. 

Яг дээрхтэй адилаар 2022 оноос манай улсын засаг төр нийгмийн шинжтэй дэмжлэгүүдээ аажмаар танах хэрэгтэй болно. Засгийн газар “Century” төслийн хүрээнд 2022 болон 2023 онд хугацаа нь дуусах байсан Чингис, Гэрэгэ бондын зарим хэсгийг илүү бага хүүтэй нэг тэрбум ам.долларын бондоор дахин санхүүжүүлж барагдуулсан. Тодруулбал “Century” төслийн хүрээнд өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр 3.5%-ийн хүүтэй 2027 онд хугацаа нь дуусах 500 сая ам.доллар, 2031 онд төлөгдөх 4.45%-ийн хүүтэй 500 сая ам.долларын бондыг тус тус арилжаалсан. 2023 он илүү амаргүй жил   байх болно. Учир нь, тухайн үед Хятадад төлөх ёстой своп хэлцлийн 1.8 тэрбум ам.долларыг төлнө, эсвэл хойшлуулна. Төв банк Хятадын Ардын банктай 2012-2016 оны хооронд нийт 1.9 тэрбум ам.долларын своп хэлцэл хийсэн байдаг. Энэхүү Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцэлд  Шанхайн банк хоорондын хүү ШИБОР (~2.7%) дээр нэмэх хоёр хувийн хүү жил бүр бодогддог. Төлбөрийн хугацаа анхандаа 2017 он байсан боловч хугацааг нь сунгаж 2020 он болгосон. Харин өнгөрсөн онд   хугацааг нь дахин сунгаж 2023 он руу хойшлуулсан. Тэгэхээр дараагийн ээлж ирэхэд энэ төлбөрийг Төв банк боломжоороо төлөхийг урьтал болгохыг эрмэлзэх болов уу. Мэдээж үүний тулд Төв банкны валютын нөөц арвин их байх ёстой. 

Өнгөрсөн долдугаар сарын байдлаар манай улсын гадаад валютын нөөц 4.58 тэрбум ам.доллар байсан нь өмнөх гуравдугаар сарынхаас 200 сая ам.доллараар буурсан дүн боллоо. Валютын нөөц чамлахааргүй бараг түүхэн дээд түвшинд очсон боловч   энэ хэмжээнд   хангалуун биш байгаагаа Төв банк илэрхийлсэн. Үнэхээр ч одоогийн түвшин нь олон улсын аргачлалаар (ARA metric) тооцоход зохистой түвшний хамгийн бага үзүүлэлтээс 21%-иар доогуур байгаа ажээ. Иймд Төв банк гадаад валютын нөөцийг зах зээлд их хэмжээгээр интервенц хийгээд байх нь оновчгүй гэж үзэх нь аргагүй юм. Харин Засгийн газар төгрөгийн тогтвортой байдалтай холбоотой бүх бурууг Төв банкинд өгч өөрөө “уснаас хуурай гарах”-ыг эрмэлздэг. Ямар ч байсан 2023 онд гадаад өр барагдуулах албаа манай улс амжилттай давж чадвал түүнээс цааш өрийн түвшин (ДНБ-д харьцуулсан дүнгээр) алгуур буурч магадгүй ажээ.  

Гадаад өрийн бүтцэд анхаарах зайлшгүй шаардлагатай бас нэг зүйл нь гадаад зээлийн геополитикийн асуудал юм. Дээрх графикаас харахад манай улсын гадаад зээлийн эх үүсвэр нь урд хөршөөс ихээхэн хамааралтай болох хандлага ажиглагдаж байна. Нидерланд, олон зээлдэгчтэй эх үүсвэрийг эс тооцвол манай улсын гадаад зээлийн дийлэнх нь урд хөршөөс эх үүсвэртэй  нь харагдана. Хонконгийг Хятадын тооцоололд оруулбал энэ нь 5 тэрбум гаруй ам.доллараар илэрхийлэгдэнэ. Тиймээс цаашид ялангуяа томоохон дэд бүтцийн хөтөлбөрүүд дээр зээл авахдаа эх үүсвэрийн хувьд анхаарах шаардлагатайг харуулж байна. Нидерланд улс үндсэндээ Оюутолгой төсөлд олгосон зээлийг төлөөлж буй. Эндээс манай улс  хойд хөрш болон бусад гуравдагч хөршөөс авах санхүүжилт босгох байдлаар зээлийн тэнцвэрт байдлыг хангах шаардлагатай байгаа нь илэрхий байна. Мэдээж илүү хямд өртөг буюу бага хүүтэй зээл авахыг эрэлхийлэх нь дамжиггүй. Гэвч нөгөө талдаа тухайн гадаад орноос зээл авснаар харилцагчийн тусгай шаардлага буюу зээл олгогч улсын бараа бүтээгдэхүүн, компани, хүн хүчийг ажиллуулах нөхцөлүүд тулгагдах нь бий. Иймд зээлийн эх үүсвэр талд тэнцвэрт бодлогыг баримтлах шаардлага урган гарчээ. Харин гадаад бондын хувьд тодорхой шаардлага тулгадаггүй давуу талтай ч Засгийн газрын гадаад өрийн дотор зээлийн хэмжээ ихэсч, харин бондын эзлэх хувь буурч буй байдал ажиглагдсан.

Манай улсын гадаад өрийн нийт хэмжээ өнгөрсөн оны сүүлээр 32.3 тэрбум ам.доллар байсан. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүнээс 2.5 дахин их буюу   зохистой түвшнээс хэдийнэ давсан гэсэн үг. ОУВС-гийн аргачлалаар тооцож үзэхэд манай улсын гадаад өр 2025 онд ДНБ-ий  178%, дунд хугацаанд уг үзүүлэлт аажмаар илүү буурах үр дүнгийн төлөв гарчээ. Гэвч эдийн засагт зээлийн хүү өсөх, өсөлт саарах, эрдсийн ханш, биет хэмжээ буурах тохиолдолд эдгээр өрийн түвшний таамаглалууд хялбархан ганхах эрсдэлтэйг Төв банк сануулжээ.