“Туркойз Хилл Ресурс” 2021 оны гуравдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаа танилцууллаа. Оюутолгойн ил уурхайн зэсийн үйлдвэрлэл оны гуравдугаар улирлын байдлаар 41.9 мянган тонн байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16%-иар, өмнөх улирлынхаасаа 14%-иар тус тус өсөлттэй гарлаа.
Баяжмал дахь алтны хэмжээ өнгөрсөн гуравдугаар улиралд 130.8 мянган унцид хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 256%, өмнөх улирлынхаасаа 16%-иар илүү байлаа.
Компанийн мэдээлснээр, 2021 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөө 150-180 мянган тонн зэс, 400-480 мянган унц алт байх төлөвтэй. Өнгөрсөн гуравдугаар улиралд 9.34 сая тонн хүдрийг баяжуулах үйлдвэрт оруулж боловсруулсан нь өмнөх хоёрдугаар улирлынхтай бараг ижил хэмжээнд байгаа бол өнгөрсөн оны мөн үеийнхээс 7%-иар доогуур байна.
Ийнхүү баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээ буурахад хатуулаг өндөртэй хүдэр болон үйлдвэрийн урсгал засварын ажил нөлөөлжээ.
Ил уурхайн геотехникийн асуудлууд болон цар тахлын хязгаарлалтын нөлөө нь хөрс хуулалтын явцыг удаашруулж байна. Иймд ил уурхайн зарим хэсгийн хүдэр олборлолтын хуваарь 2024 оноос хойш товлогдож байгаа ажээ.
Далд уурхайн тухайд агуйлах ажлыг эхлүүлэхэд техникийн хувьд бэлэн болоод байгаа ч техникийн бус ажлууд буюу холбогдох зөвшөөрлүүд хүлээгдсэн хэвээр гэдгийг тодотголоо. Тухайлбал Оюутолгойн ТУЗ төслийн санхүүжилтийг батлах, төслийн зээлдэгч нартай тохиролцож эхлэх, төслийн урт хугацааны эрчим хүчний хангамжийг баталгаажуулах зэрэг багтаж байна.
Өнгөрсөн наймдугаар сард Оюутолгойн Гүний уурхайн олборлолтын чухал хэсэг болох налуу амыг үндсэн уурхайтай холбох ажлыг дуусгасан байна. Энэ нь далд уурхайн олборлосон хүдрийг газрын гадарга уруу тээвэрлэх туузан дамжуургын системийн нэг чухал хэсэг болохыг Оюутолгой компани мэдээлсэн.
Харин Босоо ам 3 болон 4-ийн (агааржуулалтын зориулалттай урд болон хойд амуудын) ажлууд цар тахлын хязгаарлалтын улмаас өнгөрсөн гуравдугаар улиралд төдийлөн ахиц гараагүй байна. Иймд агааржуулалтын амуудын ажил тооцоолсноос есөн сараар хойшлох төлөв гарчээ.
Цар тахлын амаргүй үед далд уурхайн тогтвортой олборлолтын хугацаа (Панел 0 хэсгийн) хамгийн эртдээ 2023 оны нэгдүгээр сар руу хойшилсон болохыг компани мэдээлжээ. Өмнө нь тус компани далд уурхайн тогтвортой олборлолт 2022 оны аравдугаар сард эхэлнэ гэж тооцоолсон байсан.
Цар тахлын нөлөөлөл нь ил уурхай болон далд уурхайн зардлыг одоогийн байдлаар 140 сая ам.доллараар нэмэгдүүлээд байна.
Уурхайн талбай дахь ажиллах хүчний тоог цар тахлын үед ердийн үеийнхээс дор хаяж 50%-иар бага түвшинд барьсан хэвээр байна. Оны эцэс гэхэд ажиллах хүчний тоог нэмэгдүүлж ердийн үед хүргэхээр тооцжээ.
Далд уурхайн олборлолт хойшилсон болон ил уурхайн зарим хэсгийн хүдрийн олборлолт удааширсан нь төсөлд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг (суурь тооцооллоор) 3.6 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлж буйг “Туркойз Хилл Ресурс” мэдээллээ. Өмнө нь уг нэмэлт санхүүжилтийн тооцоолол 2.3-2.4 тэрбум ам.доллартай тэнцэхээр төлөвлөсөн байсан юм.
Б. Төгс