Брэнт маркийн газрын тосны ханш өнөөдөр 86.04 ам.доллар/баррель болж 2018 оны аравдугаар сараас хойших хамгийн дээд түвшинд хүрлээ. Дэлхийн зах зээлд байгалийн хий, нүүрсний үнэ нэмэгдсэнээс үүдэлтэйгээр дизель генераторуудын эрчим хүч үйлдвэрлэл нэмэгдэх болсон байна. Үүнээс үүдэн энэ оны дөрөвдүгээр улиралд газрын тосны эрэлт 450 мянган баррель/өдөр-өөр нэмэгдэж болзошгүй байна.
Нөгөөтэйгүүр дэлхий дахинд цар тахалтай холбоотой хязгаарлалтууд суларч байгаа нь эрэлт өсөхөд нөлөөлөхөөр байна. АНУ, Австрали болон Азийн орнуудад вакцин хийлгэсэн гадаадын иргэдийг эх нутагтаа зорчихийг хүлээн зөвшөөрөх журам удахгүй хэрэгжих нь тодорхой болоод байгаа юм. Ингэснээр нисэх онгоцны салбарын түлшний эрэлт өсөхөөр байгаа тухай ANZ банк мэдээлжээ.
Дээрх хоёр шалтгааны улмаас газрын тосны эрэлт оны сүүлээр ийнхүү нэмэгдэх төлөв тодорч буй үед ОПЕК-ийн орнууд болон АНУ-ын газрын тосны нийлүүлэлт мэдэгдэхүйц нэмэгдэх шинж төдийлөн харагдахгүй байна. Иймд цаашид газрын тосны нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүйд хүрч, үнийн өсөлт үргэлжилж болзошгүй байгаа юм.
Б.Төгс