The Mongolian Mining Journal /Aug.2021/
Д.Нарантуяа
Уул уурхайн салбарын төрийн зохицуулалтын нэгэн хэлбэр болгон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг байгуулахаар зэхэж байна. Холбогдох хуулийн төслийг УУХҮЯ цахим хуудастаа нийтлэн танилцуулжээ. Эрдэс баялгийн бирж хэмээн өмнөх хэлэлцүүлгүүдийн үеэр нэрлэж байсан боловч хуулийн танилцуулгад Уул уурхайн бүтээгдэхүүний бирж хэмээн нэрийг нь өөрчлөв.
Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засгийн зонхилох салбар болоод удаж байна. Сүүлийн 15 жилд уул уурхайн салбарын улсын төсөвт төвлөрүүлэх орлого тогтвортой нэмэгдсээр ирсэн. 2021 оны эхний долоон сарын гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 32.5%-ийг бүрдүүлж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг байгуулах шаардлага, үндсэн зорилгыг улсын эдийн засагт үзүүлж байгаа салбарын үр өгөөжийг улам нэмэгдүүлэх, салбарын орлогыг ил тод болгох, уул уурхайн экспортын бүтээгдэхүүний стандартыг хангах юм.
УИХ-аас 2014 онд баталсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод бирж байгуулах тухай анх тусгасан. Уг баримт бичгийн 3.7.5-д “Эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор эрдэс баялгийн бирж байгуулах”, 3.7.10-т “Ашигт малтмалыг олон улсын зах зээлийн үнээр борлуулах боломжийг бүрдүүлж, эрдэс баялгийн салбараас орох орлогыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох арга, аргачлалыг боловсронгуй болгох” хэмээн заасныг ажил хэрэг болгох алхам хийгдэж байна.
Өнөөдрийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнэ, худалдааны нөхцөл, бүтээгдэхүүний чанарын талаарх мэдээлэл нээлттэй, ил тод бус байдгаас бүтээгдэхүүнийг ашигтай борлуулах нөхцөл бүрдэхгүй, үүний улмаас дэлхийн зах зээлийн үнээс доогуур үнээр гэрээ хэлцэл хийж, өндөр зардал гаргаж байгаа байдлыг залруулахад биржийн үйл ажиллагаа нөлөө үзүүлнэ гэж тооцож байна. Нүүрс, зэс, жоншны баяжмал болон бусад бүтээгдэхүүний экспортын худалдаанд төрийн албан хаагчид оролцдог болсоор удаж буй. Төрийн өмчит компанийн ерөнхий захирлууд арилжаанд оролцдоггүй, ачилтын асуудлыг хариуцдаг учраас экспортын үлэмж хэмжээний орлогоо алдаж байгаа нь бодит зүйл юм.
Гэрээний үндсэн дээр арилжаалагдах уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ нь гэрээний үнээр тогтоогдож, хууль тогтоомжийн дагуу албан татвар, төлбөр, хураамж ногдож байна. Харин гэрээгээр тохирсон үнэ нь зах зээлийн ханшаас үлэмж зөрүүтэй, доогуур байдгаас уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтаас олох орлогыг ихээхэн бууруулж байгааг хууль боловсруулагчид тайлбарлаж байна.
Бирж статусын хувьд төрийн өмчит хувьцаат компани хэлбэртэй байх бөгөөд биржийн үйл ажиллагаанд төрийн өмчит компаниуд л оролцох юм. Биржийг үүсгэн байгуулах, өөрчлөх, татан буулгах эрх Засгийн газарт хадгалагдана. Бирж нь Төлөөлөн удирдах зөвлөлтэй байх бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд уул уурхай, арилжаа, үнэт цаасны салбарт ажиллаж байсан дадлага туршлагатай хүнийг сонгон ажиллуулахаар төсөлд тусгажээ. Биржээр арилжаалах бүтээгдэхүүнийг хадгалах шаардлага хангасан агуулах, терминал, тээвэр ложистикийн төв, даатгалын тогтолцоо, шинжилгээний лабораторитай цогц дэд бүтэцтэй байхаар зорьж буй. Энэхүү цогц дэд бүтцээс харахад уул уурхайн салбараас гадна санхүү, мэдээллийн технологи, ложистик, таваарын биржийн гэрээгээр мэргэшсэн мэргэжлийн хүний нөөцийг шаардаж байгаа юм.
Хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн зүгээс өнгөрсөн хавар зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр бирж байгуулахыг дэмжсэн хэсэг байхад, эргэлзсэн хэсэг ч бас байгаа нь харагдсан. Төрийн өмчит компаниудын экспортын гэрээний үнийг дэлхийн зах зээлийн ханшид нийцүүлэх замаар ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилго нь буруу биш боловч уул уурхайн экспортын хувьд ганц зах зээлээс хамааралтай Монгол Улсын хувьд салбарын хөгжлийг дэмжих зорилгоо биелүүлж чадах эсэх, бирж ажилласнаар хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх, бүтээгдэхүүний стандарт, кодчиллыг хэрхэн яаж хийх вэ зэрэг хариулт нэхсэн асуултууд байна.
Төрийн өмчит компаниудын үр ашгийг дээшлүүлж, төсөвт орох орлогыг нэмэгдүүлэх зорилгыг бирж байгуулагдтал төрд байгаа хяналт, гүйцэтгэлийн тогтолцоог чангатгах замаар хийж эхэлж байх нь зүйтэй санагдана. Хууль батлагдан эрх зүйн орчин бүрдэж, биржийг байгуулан үйл ажиллагааг нь эхлэх хүртэл багагүй хугацаа шаардах нь тодорхой. Биржээр арилжаалах бүтээгдэхүүний стандартыг дэлхийн жишигт нийцүүлэн тогтоовол, тэр стандартад хүрэх чадавх, боломжийг бий болгохын тулд ихээхэн хэмжээний нэмэлт хөрөнгө оруулалт шаардагдана. Бүтээгдэхүүний бирж нэртэй боловч үнэндээ энэ бирж бол хариуцлагын өндөр түвшинд хийгдсэн гэрээ, борлуулж буй бүтээгдэхүүний чанарыг арилжина гэсэн үг. Энэ утгаараа уул уурхайн салбарт том соёл, хандлагыг бүтээх учиртай.
Хэрэв Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулагдвал энэ нь Монголын хоёр дахь таваарын бирж болох юм.
Хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг 2011 онд УИХ баталж, үйл ажиллагааг нь 2013 оноос эхлүүлсэн байдаг. Таваарын биржийн туршлага монголчуудад байгаа гэж хэлж болох боловч уул уурхайн бүтээгдэхүүний гэрээ, арилжаа, зах зээлийн онцлог нь өөр. Тиймээс Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг АНУ-ын Чикагогийн биржийн жишгээр бэлэн бүтээгдэхүүний болон форвард гэрээ, хэлцэл арилжаа хийж туршлагатай болсны дараагаар фьючерсын худалдааг хийхээр зорьж байгаа ажээ. Фьючерсийн худалдаа нь зах зээл дээрх эрсдэлийг бууруулах нөхцөл болох боломжтой боловч савлагаа ихтэй байдаг онцлогтой.
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж ажиллаж эхэлснээр ямар давуу талууд бий болох вэ?
Энэхүү хуулийн төслийг дагалдан дараах хуулиудад нэмэлт өөрчлөлт орох юм. Тухайлбал, Ашигт малтмалын тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Гаалийн тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн боловсруулснаа танилцуулсан байна.