Лондоны металын бирж дээр өчигдөр (2021.10.19) нэг тонн зэсийн шууд худалдааны үнэ 7.2%-иар өсч 11299.5 ам.долларт хүрснээр шинэ дээд амжилт тогтоосон байна. Мөн Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр 10572 ам.доллар/тонн-д хүрсэн нь тус биржийн түүхэн дэх хамгийн өндөр ханшаар тэмдэглэгдлээ. Хаалтын ханшийн тухайд Лондоны металын бирж дээр өчигдөр зэсийн шууд худалдааны үнэ 10652 ам.доллар/тонн, гурван сарын гэрээт үнэ 10270 ам.доллар/тонн-оор тогтжээ. Ханш өсөхөд зэсийн нийлүүлэлт буурч буй мэдээлэл нөлөөлсөн байна.
Тодруулбал дэлхийн түүхий эдийн худалдааны гол байгууллага “Трафигура” групп Лондоны металын биржийн агуулахаас тодорхой хэмжээний зэсийн нөөцийг татан авч хэрэглэгчид рүүгээ шууд нийлүүлэхээр болсон нь нөлөөлсөн тухай хэвлэлүүд мэдээлжээ. Сүүлийн хоёр сарын хугацаанд Лондоны металын биржээс түүхий эдийн худалдааны компаниуд нийтдээ 150 мянган тонн гаруй зэс татан авах хүсэлт тавьсан байна. Үүний нэлээд хэсэг нь "Трафигура"-д ногдож буй ажээ. Энэ нь Лондоны металын биржийн зэсийн агуулах дахь бэлэн нөөцийг үлэмж бууруулж 1974 оноос хойших хамгийн бага түвшинд аваачсанаар үнэ өсөхөд голлон нөлөөлжээ.
Гэхдээ “Ситибанк” зэрэг санхүүгийн байгууллагууд дэлхийн эрчим хүчний хямрал болон Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашралаас үүдэлтэйгээр зэсийн ханш эргээд буурна гэж үзэж байгаа юм.
Б. Төгс