Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Тээвэрчдийн холбоо: Тээвэрчдээ 2000 шланзтай нь хотод авчирна

“Баян зам” тээвэрчдийн холбооноос өнөөдөр /2021.10.20/ мэдээлэл хийж, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг иргэдэд буруу мэдээлэл өгсөн гэх үндэслэлээр шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ. Төрийн тогтворгүй үйл ажиллагаанаас үүдэн нүүрс тээврийн үйл ажиллагаа зогссон гэж үзээд тус холбооны 2000 тээвэрчдийг шланзтай нь хотод авчирна гэлээ.


ТЭЭВЭР ЗОГССОНООС ҮҮДЭЛТЭЙ  ХОХИРЛЫГ ХЭН БАРАГДУУЛАХ ВЭ?


“Баян зам” тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү:
-Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хийхдээ хэд хэдэн баримтаар тээвэрчдийг, тээвэрчдийн холбоог гүжирдлээ. Тодруулбал, “Баянзүрх” тээвэрчдийн холбоо нь тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах ёстой атлаа бизнес хийж байна гэж ярьсан. Мөн энэ холбоонд 100 гаруй компани байдаг байтал 31 компани гэсэн. Холбоог замын хураамжаа өг, үгүй бол тээвэрт явуулахгүй гэж дарамталдаг гэлээ. Ийм буруу мэдээлэл хийж, нэр төрд халдсан гэх үндэслэлээр өнөөдөр /2021.10.20/ түүнийг шүүхэд өгч байна.

Л.Халтар сайд мэдээлэл хийхдээ манай холбоог 14 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүдээс авсан гэж ярьсан. Аж ахуйн нэгжүүдээс авсан мөнгө санд төвлөрч, замд зориулагддаг юм. Нүүрс худалдан авагч аж ахуйн нэгжүүд замын хураамж 120 сая төгрөгөө өгдөггүй болохоор яаж ч тооцсон 14 тэрбум төгрөг болохгүй.Үүнийг бид шүүх дээр нотолно. Зам тээврийн яамны санхүүгийн аудит нь Л.Халтар сайдыг мэдээлэл хийхээс хоёр хоногийн өмнө манай төслийн санхүүгийн нэгж дээр ажиллаад дүгнэлтээ гаргасан байдаг. Энэ дүгнэлт дээр хууль ёсны дагуу зарцуулсан байна гээд 75 оноо өгсөн байгаа. Гэтэл сайд өөрөө буруу тооцоолж маш өндөр дүнтэй тоо хэлж биднийг харлуулахыг оролдлоо.

Чойрын замын нүүрс тээврийг зогсоосноор хэсэг бүлэг хүмүүст л давуу байдал үүснэ.  Ийм байхад төрийн сайд нь нэг талыг барьсан шийдвэр гаргаад баймааргүй байна. Тээвэр зогссоноос үүдэлтэй  хохирлыг хэн барагдуулах вэ. Ажилгүй болсон, уурхай дээр байгаа 2000 жолоочоо шланзтай нь хот руу авчраад, сайдуудад шланзуудаа өгнө.


ТӨРИЙН ЭРГЭЖ, БУЦСАН ШИЙДВЭРЭЭС БОЛООД ТЭЭВЭРЧИД ХОХИРЧ БАЙНА

“Харгуйн тал транс” компанийн захирал Г.Пүрэвжав:
-Хятадууд нүүрс авъя гэж байхад бид дотооддоо хэрүүл маргаан гаргаж, нүүрс тээврийг гацаанд оруулаад байна. Нүүрс тээвэр нь улсын төсөвт өдөрт нэг сая орчим ам.долларын орлого оруулдаг. Экспортоо нэмэгдүүлье, дотоодын тээврээ дэмжье гэж ярьдаг  ч салбарын сайд нь бидний ажлыг гацаанд оруулаад байгаад бид үнэхээр харамсаж байна. Сайд ярихдаа тээвэрчдийн холбоо нь аж ахуйн нэгжүүдийг дарамталж мөнгө авдаг, нэг тонн тутамд 11 мянган төгрөг, аж ахуйн нэгж болгоноос 120 сая төгрөг авдаг гэж ярьсан. Аж ахуйн нэгж бид замаа сайжруулъя, экспортоо нэмэгдүүлье, орлогоо нэмэгдүүлье гэж хоорондоо ярилцаад замын хураамжийн 5000 төгрөгийг нэмэгдүүлэх саналыг Тээвэрчдийн холбоо болон санд тавьсан юм. Тиймээс аж ахуйн нэгжүүдэд дарамт шахалт үзүүлсэн гэдэг нь худал мэдээлэл. Асар их бэлтгэл ажил хийж ажиллаж эхэлсэн тээврийн үйл ажиллагаа төрийн бодлогын тогтворгүй байдлаас болоод 20 хүрэхгүй хоногийн дараа дахиад хаагдаж байна. Төрийн эргэж, буцсан шийдвэрээс болоод аж ахуйн нэгжүүд хохирч, тээвэрчид ажилгүй, орлогогүй болж байна.

 

Р. Ренчиндулам