Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Цогтцэций-Чойр чиглэлд нүүрс тээвэрлэлт ирэх оны эхний улирлыг дуустал үргэлжилнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л. Халтар Тавантолгой уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэл улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэхийг ирэх оны эхний улирлыг дуустал зөвшөөрөхөөр болсон байна. Өмнө нь салбарын сайдын А/158 тушаалаар энэ сарын 20-ноос эхлэн уг чиглэлд нүүрс тээвэрлэхийг хориглохоор байсан юм. Харин одоо уг тушаалын хэрэгжих хугацааг 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр болгож өөрчилж байна.

Нүүрс тээврийн жолооч нар, тээвэрчдийн холбоод ажлын байраа хамгаалахаар сайдын тушаалыг эсэргүүцэж энэ сарын 11-нээс эхлэн жагсах болсон нь ийнхүү үр дүнд хүрч байна.

Цогтцэций-Чойрын чиглэлд 31 аж ахуйн нэгж, 450 жолооч нар одоогийн байдлаар нүүрс тээвэрлэлт хийдэг тухай Зам, тээврийн хөгжлийн яам мэдээллээ.

Сайдын хувьд энэхүү шийдвэрээ урагшаа нүүрс тээвэрлэлт тааруу байгаатай холбоотойгоор тушаалын хэрэгжих хугацааг нь сунгасан тухай тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл Гашуунсухайтаар нүүрсний нэвтрэлт тааруу байгаагаас үүдэн Тавантолгой уурхайгаас Цагаанхад руу хийдэг уртын тээвэрлэлт зогссон. Иймд уртын тээвэрт явдаг жолооч нарыг ажилтай байлгахыг бодолцож ийм шийдвэр гаргасныг сайд тодотголоо.

Хоёр нөхцөлд энэ тээвэрлэлт шаардлагагүй болох ажээ. Нэгд, Гашуунсухайтын нүүрс нэвтрэлт сайжрах нөхцөлд, хоёрт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар эхний тээвэр хийгдэхтэй зэрэгцэн авто замын тээвэрлэлт шаардлагагүй болох юм байна. Сүүлийн гурван өдөр Гашуунсухайт боомтоор өдөрт дунджаар 380-409 машин гарч байгаа нь өнгөрсөн саруудад байгаагүй өндөр үзүүлэлт болсныг сайд дуулгалаа.

 

 

Б.Төгс