Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Гашуунсухайт боомтоор 4.9 сая тонн нүүрс экспортолжээ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас есдүгээр сарын 31-ний байдлаар Гашуунсухайт боомтоор 4.9 сая тонн нүүрс экспортолсон тухай мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.8 сая тонноор бага үзүүлэлт юм.  Харин Шивээхүрэн боомтоор дөрвөн сая тонн орчим буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 800 мянган тонноор бага нүүрс гаргажээ.

Цар тахлын улмаас Монгол Улс нь БНХАУ-тай Баянхошуу, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг дөрвөн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж байна. Гашуунсухайт боомтын хувьд ногоон бүс болгон ажиллаж байсан ч зургадугаар сард халдварын олон тохиолдол бүртгэгдэж, боомтын үйл ажиллагааг түр хаах шаардлага гарсан. Ажилчид, тээвэрчдийг шинжилгээнд хамруулж, холбогдох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлсний үр дүнд халдварын тархалтыг хумьж, үйл ажиллагаа хэвийн явах боломж бүрдээд байгаа юм. Үүний үр дүнд түүхий эдийн тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж, найм, есдүгээр сард өдөрт 50-200 орчим тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлж байсан бол одоо 380-410 болжээ.

Түүнчлэн тус боомт дээр халдварын тохиолдол бүртгэгдвэл тээвэрлэлтийг зогсоож, хилийн боомтыг хаах хүртэлх арга хэмжээг авдаг байсан бол одоо халдвар гарвал зөвхөн тухайн тээврийн багийг 28 хоног тусгаарлаж, нүүрс тээврийг хэвийн үргэлжлүүлдэг болсон. Энэ тохиолдолд БНХАУ-ын тал тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа ажээ. Мөн экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх шийдлүүдийг эрэлхийлж байгаа юм.  

Р.Дулам

 

 

Сэтгэгдэл (1)