Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Өрсөлдөөн одоо л эхэлнэ

The Mongolian Mining Journal /Aug.2021/

Э.Оджаргал

ОХУ-ын Гаалийн албаны мэдээллээр 2021 оны зургадугаар сард 2.85 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Харин мөн сард Монгол Улсын экспортолсон нүүрсний хэмжээ 652.6 мянган тонн байсныг Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн. Энэ дүнгээс харахад Монголын нүүрсний экспортоос 4 дахин илүү хэмжээний коксжих нүүрсийг Орос гадаад зах зээлд гаргаж байна. Энэ оны хоёрдугаар улирал гарсаар Монголын экспортын нүүрсний тээвэр 0 зогсоогүй сар гэж байсангүй. Энэ зуур Оросын  коксжих нүүрсний экспорт Хятад руу тогтмол нэмэгджээ. 

Оны эхний долоон сард Монгол Улс нийт 10 сая тонн нүүрс экспортлов. Үлдсэн таван сарын хугацаанд 18 сая тонн нүүрс гадаад зах зээлд гаргаж байж улсын төсвийн төлөвлөлт биелэх ёстой. Гашуунсухайт боомтын нүүрсний тээвэр сэргэн, Цагаан хад “Ногоон бүс” болсныг Өмнөговь аймгийн Онцгой комиссоос зарласан нь ердөө сарын өмнө юм. Харин өнөөдөр гол боомтын нүүрсний тээвэр мөн л 0 зогсч байна. Хятадын талаас Ганцмод боомтын нүүрсний хөдөлгөөнийг 14 хоног хаасан нь монгол жолоочоос коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотой. Сүүлийн саруудад дотоодод Ковид-19  халдварын тоо өндөр хэвээр байгааг Эрүүл мэндийн яамны өдөр тутмын мэдээлэл илтгэнэ. Нүүрсний гол импортлогч улсаас тавьж буй ганц шаардлага бол Ковид-19 халдвар хамгаалал. Цар тахлын цагт эдийн засгийн өсөлтөө хадгалж яваа ганц улс болох Хятад дотооддоо халдварыг хяналтаасаа алдах юм бол энэ аварга зах зээл, үүнтэй уялдсан дэлхийн худалдааны гинжин хэлхээ бүхэлдээ нурна.  

Ганц Монгол Улс биш Хятад, Орос ч коронавирусын халдвартай тэмцэж байна. Гэхдээ Хятадын эрэлт, хэрэглээ хэвээр, Монголын нүүрсний экспорт бараг зогсч, харин дэд бүтэцтэй Орос нүүрсээ зарсаар л байгаа юм. Одоо манай нүүрсний экспортын гол суваг Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод чингэлэгт тээврийн терминалыг “Энержи Ресурс”, “Монголын Алт” компанийн хөрөнгө оруулалтаар байгуулж, удахгүй ашиглалтад өгөх гэж байна. Өнгөрсөн 10 жилд Монголын нүүрсний экспорт өссөн нь төр засгийн бодлого сайндаа бус зөвхөн компаниудын хүчин чармайлтын үр дүн юм. Хувийн хэвшлийн энэ хоёр компани экспортын төмөр замыг өөрсдийн хөрөнгөөр байгуулсан бол хэдийн ашиглалтад орсон байх байлаа. Гэвч төмөр замын төслийг төр өөрөө хэрэгжүүлэхээр болж, дуусаагүй Тавантолгой-Гашуунсухайт (ТТ-ГС) шугамыг эс тооцвол боомттой холбогдох төмөр замгүй 13 дахь жилтэйгээ золгожээ. Төр засгийн хойрго шийдвэр хожуу хэрэгжиж байгаагийн тод жишээний нэг энэ.
 
Харин оросууд юу амжуулав? Хятадтай хиллэх боомтуудаа нарийн царигтай төмөр замаар өргөтгөн, хоёр улсыг холбосон төмөр замын гүүр ашиглалтад оруулж, хилийн шинэ гарцууд сэтлэхээр төлөвлөж байна. Орос ингэж боломжит бүх гарцаараа нүүрсний экспортоо нэмэгдүүлж байна. Хятадтай хил залган орших давуу тал Монгол, Орос аль алинд нь бий. Ялгаатай нь Орос төмөр замын дэд бүтэцтэй, түүнийгээ маш сайн ашиглаж байна.  

Австралийн нүүрсний экспортын эсрэг тавьсан Хятадын импортын хориг ес дэх сардаа үргэлжилж байна. Энэ хугацаанд Монголын нүүрсний экспорт тасралтгүй буурч ирэв. Эсрэгээрээ Оросын нүүрсний нийлүүлэлт тогтмол өсч гол зах зээлд тэргүүллээ. Ердөө жилийн өмнө Орос сард дунджаар 400-500 мянган тонн коксжих нүүрс Хятад руу экспортолдог байлаа. Австралийн нүүрсийг Хятад импортлохоо зогсоосон даруй буюу 2020 оны арванхоёрдугаар сард Оросын (1.1 сая тонн) коксжих нүүрс экспортолсон нь Монголын (1.5 сая тонн) нийт нийлүүлэлттэй бараг дүйсэн юм. Хятадын зах зээл дээр Австралийн орон зай суларсан боломжийг Орос алдсангүй. 

Нэгдүгээр сар гэхэд Монголын хойд хилээс холгүй Забайкалийн нутгаас чингэлэгтэй нүүрсийг төмөр замаар тээвэрлэн Манжуурын боомтоор экспортолж эхэлсэн юм. Яг энэ үеэс Орос улс коксжих нүүрсний экспортоо нэмэгдүүлэх төрийн бодлого, хэтийн зорилтоо нээлттэй, тодорхой зарласан. Энэ оны эхний хагаст Орос улс 13.81 сая тонн коксжих нүүрс экспортолж өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.5%-иар өсчээ. Нийт нийлүүлэлтийн 40% Хятадын зах зээлд ногдож байна. 

Орос оронд нүүрсний баялаг нөөцтэй сав газар цөөнгүй. Тэдгээрийн нэг болох Элга орд нь коксжих нүүрсний чанараар Тавантолгойн ордтой өрсөлдөхүйц юм. Якутын нутаг дахь 2.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Элга тэргүүтэй бусад ордын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахаар Орос зэхэж байна. Үнэ өссөн, Австрали импортын хоригтой, Монгол коронавирусын халдвар өндөртэй төдийгүй экспортын төмөр замгүй, Хятадын эрэлт их, нийлүүлэлт хомсдолтой. Товчхондоо, оросуудад хамгийн таатай нөхцөл гадаад зах зээлд нэгэнт бүрджээ. Ийм үед монголчууд Тавантолгойн сайн чанарын коксжих нүүрсийг авто замаар, алдаг оног   экспортолж байна. Тавантолгойн ордын ашиглалт эхэлсэнтэй бараг зэрэгцэн эдийн засгийн эргэлтэд оруулан, олборлож эхэлсэн Элга ордын коксжих нүүрсний экспорт бага ч гэлээ тогтмол өсч, гол нь Хятад, Япон, Өмнөд Солонгосын гангийн томоохон үйлдвэрлэгчдэд тогтвортой нийлүүлж ирсэн юм. Одоо Элга төслийг Орос төрийн бодлогоор дэмжинэ, экспортын зориулалттай төмөр зам татна. Энэ есдүгээр сарын 15-нд Ерөнхийлөгч В.В.Путин дотоодын нүүрсний салбарынхантай Кремльд уулзахаар төлөвлөжээ. Энэ үеэр Оросын нүүрсний экспортын хэтийн төлөвлөгөө, төрийн шийдвэрүүд тодорно. РЖД болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулах нүүрсний экспортын шинэ төмөр замуудын хэд хэдэн хувилбарыг хэлэлцэх юм. Якутын коксжих нүүрсийг дэлхийн зах зээлд хүргэх төмөр замын хоёр хувилбарыг РЖД компани боловсруулжээ. Нэг нь, БАМ-ыг өргөтгөх буюу зэрэгцээ 1170 км төмөр замыг Улак өртөөнөөс Амур мөрөн дээгүүр татан Ванино боомт хүргэх (669-874 тэрбум рублийн өртөгтэй). Хоёр дахь нь, Тында-Комсомольск-Сортировочная чиглэлд 1480 км төмөр зам барих. Элга ордын төслийг хэрэгжүүлж байгаа “А Проперти” компани өөрийн хөрөнгө оруулалтаар төмөр зам барих хувилбарыг мөн гаргажээ. РЖД тэргүүн ээлжид жилд 30 сая тонн нүүрсийг Элга ордоос таван жилийн хугацаанд БАМ-ын шугамаар тээвэрлэх тохиолдолд ордын ойролцоох Улак өртөөнөөс Агнуурын тэнгис хүртэл 486 км төмөр зам тавихад бэлэн гэдгээ компани мэдэгдсэн. Найдвартай тээвэрлэлтийг хангаснаар нүүрсний экспортын орлогоор төмөр замын төслөө санхүүжүүлэхээр төлөвлөжээ.  Тэгэхээр ирэх жилүүдэд коксжих нүүрсний зах зээл дээр Монгол, Оросын  хооронд жинхэнэ өрсөлдөөн өрнөнө гэсэн үг.

Хятад улсын коксжих нүүрсний жилийн импортын 90 орчим хувийг бүрдүүлдэг Австрали, Монголын нийлүүлэлт тасалдахаар зах зээлийн эрэлт хэр нэмэгдэх нь тодорхой. Оны эхний долоон сард  Хятад 26.05 сая тонн коксжих нүүрс импортолсон нь 40%-иар буурсан үзүүлэлт юм. Монголын нүүрсний 60 орчим хувийг татдаг Ганцмод боомт дахь коксжих нүүрсний нөөц хамгийн доод түвшинд хүрснийг sxcoal.com мэдээлж байна. Энэ онд Хятад улс 75 сая тонн коксжих нүүрс импортлох таамгийг “Today think thank” хийсэн. Тиймээс жилийн хоёрдугаар хагаст Хятадын коксжих нүүрсний импорт өндөр байх төлөвтэй. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг  БНХАУ-д хийсэн (2021.07.28) айлчлалаар хоёр улсын нүүрсний худалдааг нэмэгдүүлэх, түүнчлэн ТТ-ГС төмөр замыг хоёр улсын хилээр холбох асуудлыг шуурхайлахаар тохиролцсон билээ. Төмөр замын уг чиглэл бол Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хамгийн дөт гарц. Арван жил үргэлжилсэн маргааны эцэст ТТ-ГС төмөр замыг өргөн царигаар тавьж, харин Хятадын нарийн царигтай холбох шийдэлд хүрээгүй яваа. Төмөр зам, чингэлэгт тээврийн терминалтай хослуулан нийт 50 сая орчим тонн нүүрс ганц Гашуунсухайт боомтоор экспортлох боломж бүрдэх юм. Удахгүй ашиглалтад орох чингэлэгт тээврийн терминалтай болсноор Шивээхүрэн боомтоор 22 сая тонн нүүрс гаргах тооцоотой. Ханги боомтын төмөр зам, дэд бүтцийг хөгжүүлэхэд нүүрсний экспорт 15 сая тонноор нэмэгдэнэ. Төмөр замтай л бол эрчим хүчний нүүрсээ ч экспортолж чадах юм. Эрэлт асар их гэдгийг Хятадын өнөөгийн эрчим хүчний хэрэглээнээс харж байна. Энэ их хэмжээний нүүрс Хятадын зах зээлд шингэхгүй гэх зовлонгүй. Тус улсын нутгаар дамжин гуравдагч зах зээл Япон, Өмнөд Солонгост нийлүүлэх хэтийн зорилт Монголд бий. Ийм боломж бүрдэх “Үндэсний тээврийн сүлжээг хөгжүүлэх 15 жилийн цогц стратеги”-ыг Хятад улс (2021.03.01) баталсан билээ. Өдгөө Хятадын талаас төмөр замын сүлжээгээ Монгол Улсын өмнөд хил хүртэл татаж дууссан бөгөөд аль ч боомтоор Монголын нүүрсийг авахад бэлэн. Монгол Улсын Засгийн газраас дотоодод шинэ чиглэлүүдэд төмөр зам барихаа (2021.08.12) мэдэгдэв. Зүүнбаян-Ханги, зүүн босоо тэнхлэгийн Чойбалсан-Хөөт-Бичигт, баруун босоо тэнхлэгийн Арцсуурь-Шивээхүрэн, Богдхан төмөр замын төслүүдийг зарлалаа.