Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

АМНАТ–ийн жишиг үнэ нь татварын дарамт үүсгэж байна гэв

Нүүрс олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд оролцсон “Жишиг үнэ ба АМНАТ” хэлэлцүүлэг өнөөдөр  /2021.10.25/ боллоо. Хэлэлцүүлэгт оролцогчид Сангийн яам нь сар бүр нүүрсний зах зээлийн жишиг үнийг тогтоохдоо, бодит бус, хөөсөрсөн үнэ тогтоож байна гэж үзээд, тус яаманд шаардлага хүргүүлэхээр боллоо.    

Тодруулбал, АМНАТ (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр)-ийг  2021 оны долдугаар сараас эхлэн зөвхөн жишиг үнээр тооцдог болсон бөгөөд энэ нь үндэслэлгүйгээр татвар төлөхөд хүргэж, татварын дарамтад оруулж, цаашлаад аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсооход хүргээд байна гэж уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрс олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд үзэж байгаа аж.   

Хэлэлцүүлгийн үр дүнд Сангийн яаманд дараах шаардлагыг хүргүүлэхээр болсон юм.

Шаардлагад:

-Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоолын гурав дахь хэсэгт заасан “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай”, Засгийн газрын 2016 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 81 дүгээр тогтоолын хоёр дугаар хавсралтын 3, 6 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай” гэсний “6 дахь хэсгийг” гэснийг хүчингүй болгох

-Сангийн сайд, Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан 2020 оны аравдугаар сарын 22-ны 196/А-226 хамтарсан тушаалаар байгуулагдсан “Экспортод гарч буй уул уурхайн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох зах зээлийн үнийг нийтэд мэдээлэх үүрэг бүхий” ажлын хэсгийг бодитой шийдвэр гаргах тал дээр анхаарч ажиллахыг шаардах

-Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” гэж заасныг үндэслэн 2021 оны гурав, дөрөв дүгээр улирлын борлуулалтын гэрээний дүнгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож гаргах зэрэг асуудлыг тусгажээ.

 Р. Дулам