Австрали, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани зэс, алтны Улаан уул талбайн 90%-ийн эзэмшлээ 100% болгож өргөжүүллээ. Ингэснээр тус компани Оюут улаан (Улаан уул) ашиглалтын лицензийг (MV-017129) бүрэн эзэмших боллоо. Тодруулбал Дорноговь аймагт орших ашилалтын талбайд хамаарах уг төслийн 10%-ийг өмнө нь "Энх тунх дэлхий" ХХК эзэмшиж байсныг 350 мянган ам.доллараар худалдаж авсан тухайгаа тус компани (2021.10.27) мэдээллээ.
Үүнээс гадна “JOGMEC” (Japan Oil, Gas and Metals National Corp) Улаан уул төслийн хүрээнд хайгуулд хамтарч хувь эзэмших тухай “Xanadu Mines”-тай байгуулсан дөрвөн жилийн хугацаатай гэрээгээ цуцлахаар шийдвэрлэсэн байна. 2020 оны гуравдугаар сард “JOGMEC” болон “Xanadu Mines”-ийн хооронд Улаан уул төслийн талбайн хайгуулын ажилд нийт 7.2 сая ам.долларын хөрөнгө оруулж, улмаар дөрвөн жилийн дараа төслийн 51%-ийг хамтрагч тал эзэмших гэрээ байгуулж байсан юм. Тэгвэл одоо “JOGMEC” уг гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгохоор шийдвэрлэснээр төсөлд хувь эзэмших эрхгүй болсон гэсэн үг. Гэрээ байгуулснаас хойш хугацаанд буюу энэ оны есдүгээр сарын байдлаар “JOGMEC” төслийн хайгуулын ажилд нийтдээ 2.6 сая ам.долларын хөрөнгө оруулж, үүгээр геофизикийн судалгаанаас гадна нийт 11295 тууш метрийн өрөмдлөг хийжээ.
Ийнхүү одоо “Xanadu Mines”-ийн хувьд томоохон нөөц нэмж тогтоогдох өндөр магадлалтай Улаан уул төслийг бүрэн эзэмших боломж бүрдэж байгаа төдийгүй хайгуулын ажлыг бүрэн удирдаж явуулах юм. Компанийн хувьд төслийн талбайн Stairy хэсгийн өрөмдлөгийн ажилд илүү онцгойлон анхаарч байна. Ирэх онд илүү нарийвчилсан хайгуулыг эхлүүлэх юм.
Уг төслийн талбай нь Улаанбаатараас зүүн урд зүгт 420 км-ийн зайд, Сайншандаас баруун зүгт 70 км-т оршдог.
Б.Төгс