Хятадын үйлдвэрлэлийн салбарын эрчмийн үзүүлэлт (PMIndex) өнгөрсөн аравдугаар сард бууралттай гарч 49.2%-д хүрснээр хоёр сар дараалан доошилж буй тухай тус улсын Үндэсний статистикийн газар мэдэгдлээ. Үүнд эрчим хүчний хямрал, түүхий эдийн үнийн өсөлт гол шалтгаан болсон гэж үзэж байна. Энэ нь өнгөрсөн 2020 оны хоёрдугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт боллоо. Уг үзүүлэлт өнгөрсөн есдүгээр сард 49.6%-тай гарч байсан юм. PMIndex-ийн хувьд 50%-иас доош гарвал бууралттай, дээш гарвал өсөлттэйд тооцогддог. Аравдугаар сард, тус улсын Үндэсний статистикийн газраас судалдаг 21 салбар дунд 9 салбар өсөлттэй, бусад нь бууралттай гарчээ. Өнгөрсөн есдүгээр сард 12 салбар өсөлттэй гарч байжээ.
Хятадын үйлдвэрлэлийн салбарын PMI үзүүлэлт
Тэр дундаа шинэ захиалгын үзүүлэлт 48.8%-д хүрсэн нь есдүгээр сарын үзүүлэлт болох 49.3%-аас буурсан дүнтэй гарч байна.
Түүнчлэн тус улсын түүхий эдийн худалдан авалтын үнийн үзүүлэлт өнгөрсөн аравдугаар сард 72.1%-тай гарсан нь ганцхан сарын дотор 8.6%-иар өссөнийг харуулж байна. Мөн үйлдвэрлэлийн өртгийн үзүүлэлт 61.1%-тай гарчээ. Ингэснээр бараа бүтээгдэхүүний борлуулалтын үнэ мөн дээшилнэ гэсэн үг.
Харин үйлдвэрлэлийн бус салбар буюу үйлчилгээ, барилгын салбарын PMI үзүүлэлт 52.4%-тай буюу өсөлттэй гарсан ч, уг үзүүлэлт есдүгээр сард 53.2%-тай гарч байсан юм. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн бус салбарын өсөлт удааширсан дүр зурагтай байна. Үүнд цаг агаарын таагүй нөхцөл байдал, цар тахлын хязгаарлалтууд аялал жуулчлал, тээврийн салбарын өсөлтийг бууруулсан нь голлон нөлөөлсөн гэж үзжээ.
Хятадын үйлдвэрлэлийн бус салбарын PMI үзүүлэлт
Б. Төгс