Дэлхий нийтээр 2021 оны турш бараа үйлчилгээний үнийн өсөлт эрчимжиж, инфляцын түвшин олон улс оронд төв банкны зорилтот түвшнээс даваад байна. Үүнд хөгжсөн болон хөгжиж буй орнууд дахь эдийн засгийн идэвхжил, хүнсний бүтээгдэхүүн, нефть болон бусад түүхий эдийн үнийн өсөлт, үйлдвэрлэлийн орц болдог завсрын бараа бүтээгдэхүүний хомсдол, тээвэр ложистикийн гацаа зэрэг олон хүчин зүйлс нөлөөлөв. Нийлүүлэлтийн гаралтай үнийн өсөлт инфляцыг өсгөх үед төв банкны бодлогын хэрэгслээр хариу үйлдэл үзүүлэх нь шийдэл болохгүй бөгөөд эдийн засгийн сэргэлтийг сааруулах эрсдэлтэй тул мөнгөний бодлогоор хариу үйлдэл хийхээс зайлсхийж байна.
Монгол Улсад хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляц 2021 оны есдүгээр сард улсын хэмжээнд жилийн 9.6%, Улаанбаатар хотод 9.9% байв. Үнийн түвшний өсөлтөд эдийн засгийн сэргэлт нөлөөтэй хэдий ч инфляцын дийлэнх хэсгийг цөөн бараа бүтээгдэхүүний үнийн хурдтай өсөлт тайлбарлаж байна. Тодруулбал:
-Гадаад шалтгаантай буюу нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс болох тээвэр логистикийн түгжрэл, түүнийг дагасан тээврийн өндөр зардал, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт, худалдааны түнш орнуудын инфляц эрчимтэй нэмэгдсэн зэргээс дотоодын үнэ импортоор дамжин өссөн байна;
-Дотоодын зах зээл дээр мах болон махан бүтээгдэхүүн, хатуу түлш, зарим төрлийн үйлчилгээний үнийн өсөлт жилийн инфляцын 4 нэгж хувийг бүрдүүлсэн байна;
-Эрэлт талаас эдийн засгийг тогтворжуулах төсөв, мөнгөний бодлогын багц арга хэмжээ сэргэлтийг дэмжиж буй ч ажиллах хүч ихээр шингээдэг үйлчилгээ, барилга зэрэг салбарууд бүрэн сэргээгүй тул өсөлт жигд бус, хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд сул, өрхийн хэрэглээ сүүлийн 3 улирал буурсан байгаа зэрэг нь эдийн засаг эмзэг хэвээр, халалтын шинж тэмдэг үгүйг илэрхийлж байна.
Улс орнуудын инфляц болон тэдгээрийн зорилтоос давсан хэмжээ
Эх сурвалж: OECD, Bloomberg
УБ хотын жилийн инфляц (бүрэлдэхүүнээр)
Эх сурвалж: ҮСХ
Гадаад орчноос инфляцад нөлөөлж буй гол хүчин зүйлсийг авч үзвэл:
Эдийн засгийн дотоод орчинд инфляцад нөлөөлж буй гол хүчин зүйлсийг дэлгэрүүлж авч үзвэл:
-Махны үнэ долдугаар сараас эхлэн улирлын хандлагаараа хямдарч байгаа хэдий ч есдүгээр сарын байдлаар инфляцын 1.8 нэгж хувийг бүрдүүлж, нөлөө нь харьцангуй өндөр байв;
-Хатуу түлшний бүлгийн үнэ инфляцыг 0.8 нэгж хувиар нэмэгдүүлэх нөлөө үзүүлэв. Үүнд түлшний модны үнэ жилийн 35% өссөн нь нөлөөлөв;
-Үйлчилгээний үнэ есдүгээр сарын байдлаар инфляцын 1.4 нэгж хувийг бүрдүүллээ. Үүнд, 1) боловсролын үйлчилгээ, тэр дундаа хувийн бага, дунд, их сургуулийн төлбөр нэмэгдсэн, 2) хот доторх такси үйлчилгээний үнэ нэмэгдсэн 3) нийтийн хоолны үйлчилгээний үнэ өссөн зэрэг нь нөлөөлөв.
Монголбанкны төсөөллөөр инфляц богино хугацаанд нийлүүлэлтийн шалтгаанаар зорилтот түвшнээс давах хэдий ч 2022 оны сүүлийн хагаст зорилтын орчимд тогтворжихоор байна. Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлогын багц арга хэмжээ нь эдийн засгийн сэргэлт, санхүүгийн салбарын тогтвортой байдалд дэмжлэг болж буй бөгөөд бодлогын одоогийн төлөв нь инфляцыг тогтворжуулах, эдийн засгийг сэргээх зорилттой нийцтэй байна.
Эх сурвалж: Монголбанк