Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Г.Оюунболд:  Түүхий эдийн хэджингийн боломжийг одоо л ашиглах цаг

The Mongolian Mining Journal /Sep.2021/

Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн түүхий эдийн ханшийн өнөөгийн өсөлтийг ашиглах, ханш буурах эрсдлийг хаах шийдлүүдийн нэг, санхүүгийн хэджинг (hedging) үйлчилгээг дотоодын эрдэс баялгийн салбарт анхлан нэвтрүүлэн ажиллаж буй “Блюскай Секьюритиз ҮЦК” /“Blue Sky Securities UTSK”/ компанийн ТУЗ-ийн дарга Г.Оюунболдтой MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа.


Уул уурхайн салбарыг сонгосон учир шалтгаанаас ярилцлагаа эхэлье.
Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар нь уул уурхай. Түүхий эдийн зах зээлийн савалгаа, ханшийн хэлбэлзлийн нөлөөгөөр манай эдийн засаг тун эмзэг. Тиймээс уул уурхайн салбар, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад тулгарч болзошгүй эрсдэлийг бууруулах, хамгаалахад хэджинг шийдэл илүү тохиромжтой юм. Гэхдээ тус салбарт үүсмэл санхүүгийн фьючерс болон опцион бүтээгдэхүүн ашиглан хэджинг хийх талаарх ойлголт, мэдээлэл учир дутагдалтай байна. Ихэнх нь сонссон боловч хэрэгжүүлж чадаагүй байгаа шинэ зүйл л дээ. Сонссон гэдэг нь мэддэг, чаддаг гэсэн үг биш. Үүнийг хэн нэгэн, аль нэг байгууллага хийж эхлэх л ёстой. Энэ агуулгаар манай компани манлайлан, анхдагч болж гаргая гэж шийдсэн хэрэг. Ингэхдээ, эхний ээлжинд уул уурхайн салбар, нефтийн компаниудад үйлчилгээгээ нэвтрүүлэхээр зорьж байна.

Хэджингийн давуу тал, ач холбогд­лыг илүү тодорхой тайлбарлана уу?  
Дэлхийн нийгэм, эдийн засаг, байгалийн гамшиг зэргээс шалтгаалж түүхий эдийн зах зээл дээр ханш маш их хэлбэлздэг. Энэхүү эрсдэлийг улс орнууд, компаниуд баялгийн сан байгуулах замаар, эсхүл хэджингээр (таваарын үүсмэл гэрээ) хаадаг. Уул уурхайн үйлдвэрлэгч, экспортлогч болоод импортлогч улс орнууд, жишээ нь, Чилийн нийгэм эдийн засгийн Тогтворжуулалтын сан (өмнө нь Зэсийн үнийн тогтворжуулалтын сан нэртэй байсан), Норвегийн баялгийн сан нь зээлийн хүү, гадаад валютын ханш, түүхий эдийн ханшийн эрсдэлийг хэджинг ашиглан амжилттай бууруулж байна. Олон улсын түүхий эд, таваарын зах дээрх ханшийн эрсдэлийг аливаа даатгалын компани дангаараа хаах боломжгүй. Тэгвэл хэджинг нь түүхий эдийн ханшийг их/бага үед нь “түгжиж”, ирээдүйд үнэ буурсан/өссөн ч “цоожилсон” ханшаар нийлүүлж эрсдэлээс хамгаалах шийдэл юм. Таваарын биржийн үүсмэл хэрэгслүүд нь форвард, опцион, фьючерс гэрээ, своп хэлцэл гэх мэт маш олон төрөл байдаг. Мөн хэджинг хэрэгслүүд нь хөшүүрэг ашигладаг учир бага зардлаар өндөр эрсдэлийг хааж болдог.

Фьючерс гэрээний онцлог?
Фьючерс буюу англи хэлний “ирээдүй” гэсэн утгыг анзаарсан байх. Нүүрс, төмрийн хүдэр, алт, зэс гэх мэт аливаа түүхий эдийг  урьдчилж “цоожилсон” үнээр  нь ирээдүйд нийлүүлэх үүрэг бүхий гэрээ юм. Ханш ирээдүйд хэрхэн өөрчлөгдөхийг хэн ч оновчтой таамаглаж чаддаггүй. Өнөөдөр үнэ өслөө ч тодорхой хугацааны дараа буурдаг. Тэгэхээр ханш өндөр үед фьючерс гэрээ байгуулснаар тодорхой хугацаа өнгөрсөн ч гэрээний үнээрээ л түүхий эдээ нийлүүлэх боломж үүсдэг. Жишээ нь, олборлолт хийж байх үед түүхий эдийн ханш өссөн байвал фьючерс гэрээгээр өндөр үнийг “цоожилно”. Хэсэг хугацааны дараа түүхий эдээ экспортлох үед ханш буурсан байхад хямд үнээр бүтээгдэхүүнээ худалдсан ч үнийн зөрүү буюу алдагдлаа фьючерс гэрээгээр нөхөх ач холбогдолтой. Үүнтэй ижил, худалдан авагч тал фьючерс гэрээгээр түүхий эдийн хямд үнийг “түгжиж”, ирээдүйд үнэ өссөн ч гэрээ байгуулсан үнээр бараагаа авна.

Фьючерс гэрээ нь хоёр давуу талтай. Нэгт, гэрээ байгуулсан үнээр ирээдүйд талууд бараагаа солилцоно. Хоёрт, гэрээний хугацаанд багтаж өөр нэгэнд эрхээ шилжүүлж болдог. Өөрөөр хэлбэл, түүхий эдийг нийлүүлж, худалдаж авахгүйгээр урьдчилж ханшийг өндөр, эсхүл доод үнэ дээр “цоожилно” гэсэн үг. Энэ гэрээний гол онцлог бол заавал гэрээний үүргээ биелүүлэхийн биржийн оролцогч талуудаас шаарддаг.

Хэрэв   гэрээний үүргээ биелүүлээ­гүй бол...?
Ханш “цоожлох” тохиолдолд дэнчин байршуулдаг. Фьючерс гэрээ байгуулахдаа талууд тус бүрдээ гэрээний үнийн дүнгийн тодорхой хувийг урьдчилан фьючерс бирж дээр байршуулах ёстой. Нэг тал гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал дэнчинг авна. Ингэж гэрээний үүргийг барьцаагаар зохицуулдаг. Хоёр тал нэг нэгнээ мэдэхгүй ба талуудыг зөвхөн фьючерс бирж хянана. 

Тэгвэл опцион гэрээ нь ямар ялгаатай вэ?
Опцион гэрээ бол түүхий эдийг гэрээний үнээр авах эрхтэй боловч үүрэг үүсгэдэггүй. Гэрээний үнэ ашиггүй гэж үзвэл гэрээг “хаяж” гарч болдог. Үүгээрээ фьючерс гэрээнээс ялгаатай. Ханшийн хэлбэлзлээс шалтгаалан, өндөр үед гэрээ ашигтай, буурсан үед ашиггүй болдог учир опцион гэрээг оновчтой удирдах хэд хэдэн стратеги ашиглах шаардлагатай байдаг. Иймд опцион гэрээг оновчтой удирдах стратегийг мэргэжлийн байгууллага өөрсдийн туршлага, ажилтнуудын чадвар, ноу-хау зэрэг дээр үндэслэн гаргадаг.

Түүхий эдийн зах зээл дэх нүүрс, төмрийн хүдэр, зэсийн одоогийн өндөр үнийг “цоожлох” боломжтой үе байна шүү дээ, тийм үү?
Яг тийм. Ярилцлагаар хөндөж буй гол асуудал энэ. Түүхий эдийн ханш мөчлөгөөр явдаг, биднийг ярилцаж буй энэ үед голлох түүхий эдүүдийн ханш дэлхийн зах зээл дээр өсөлттэй байна. 
Одоо дотоодод шатахуун хомсдсон, гадаад зах зээл дээр нүүрс, төмрийн хүдэр, зэсийн ханш өндөр яг энэ үед хэджингийн талаар дуугарах хэрэгтэй гэж харж байна. Тодорхой жишээ татахад, “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн тавдугаар сард зэсийн ханшийг 10700 ам.доллар хүрэхэд нь “цоожилсон” бол одоо ханш 9256 ам.доллар болж буурсан үед ханшийн алдагдлыг багасган борлуулалтын орлогоо өндөр байлгаж болох байсан. 2020 оны аравдугаар сард зэсийн ханш 6614 ам.доллар байсан, ийм л өсөлтийг бодит өгөөж болгох хэрэгтэй. 

Ингэж л манай улсын эдийн засгийн тулгуур уул уурхайн салбарт хэджингийг нэвтрүүлж, ирээдүйд учирч болзошгүй түүхий эдийн ханшийн уналтын эрсдэлээс хамгаалах шаардлагатай гэсэн санаа юм л даа. Дэлхийн түүхий эдийн бирж дээрх аль нэг бүтээгдэхүүний гэрээг худалдан авч, үнэ өсөх эсвэл буурах үед гэрээний ашгаар алдагдлаа бууруулна. Нарийн түвэгтэй мэт болов ч санхүүгийн маш том эрсдэлээс хамгаалах зохицуулалт юм. Иймээс хэджингийн үйлчилгээг санхүүгийн мэргэжлийн, туршлагатай байгууллага хийдэг.   

Дэлхийд уул уурхайн шинэ супер цикл тохиох талаар манай төр засгийн удирдлагууд, салбарын сайдууд ч ярьж байна. Гэтэл дэд бүтцийн хөгжил сул, басхүү КОВИД-19-ийн нөхцөл байдлын улмаас түүхий эдийн зах зээлийн таатай энэ цаг үед манай улс эрдсийн экспортын боломжоо алдсаар л. Үүнээс сэргийлж хэджингийг ашиглах боломж байх шиг?
Манай улс хангалттай нүүрс олборлож байгаа ч экспортолж чадахгүй байна. Ийм нөхцөлд нүүрсний одоогийн өндөр ханшийг хэджилж, энэхүү “цоожилсон” өндөр үнээр нүүрсээ хил гаалийн нөхцөл сайжрах үед экспортолж болно шүү дээ. Одоо Сингапурын түүхий эдийн бирж дээр коксжих нүүрс 220 ам.доллар/тонн үнэтэй байна. Энэ өндөр ханшийг ашиглаж чадахгүй бол дараа нь алдагдсан боломжийн талаар хэчнээн яриад ч нөхөж чадахгүй. Тиймээс эрсдэлийг хаах хэджингийн боломжийг одоо л дуугарах, ашиглах хэрэгтэй гэж яриад байгаа хэрэг. Саяхан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр нүүрсний салбартай  холбоотой чухал мэдэгдлийг БНХАУ-ын дарга Си Жинпин хэлсэн. Сүүлийн саруудад гурван ч удаа Хятад улс стратегийн нөөцөөсөө зарим түүхий эдийг дотоодын зах зээлдээ нийлүүллээ. Энэ нь Хятадын зах зээл дээр гол түүхий эдүүдийн ханш буурах бас нэг дохио юм. 2010 онд уул уурхайн супер цикл тохиож, ердөө жил гаруйнхны дараа дэлхийн зах зээл дээр түүхий эдийн ханш унасан. Дагаад манай улсын эдийн засаг ч хямарсныг санаж байгаа байх. Хэрэв нүүрсний ханш үргэлжлээд өссөн тохиолдолд бид ирээдүйд нүүрсээ нийлүүлээд ашгаа аваад байж болно. Харин ирээдүйд унаж эхэлбэл бид яах вэ гэдэг том асуулт. Өнөөдөр манай улсад тулгамдаж байгаа шатахууны үнэ, газрын тосны бүтээгдэхүүн дээр хэджинг хийж болох байсан. Одоо ч дотоодын компаниуд хамтран нефтийн ханшийг хэджлэн жижиглэнгийн үнийг тогтвортой барих боломжтой.  

Манай уул уурхайн салбарт өмнө нь хэджинг ашиглаагүй нь энэ чиглэлийн боловсон хүчин, мэргэжлийн компани дотоодод байхгүйтэй холбоотой юу. Энэ талаар Та ямар бодолтой байдаг вэ?
Санхүүгийн нарийн түвэгтэй энэ хэрэгслийг манай улс бүрэн судалж амжаагүйтэй холбоотой болов уу. Санхүүгийн мэргэжлийн байгууллагууд ч фьючерс, опцион гэрээг хэрхэн ашиглах талаар бүрэн дүүрэн ойлголтгүй байна. Ер нь Монголд бүгд л хэджингийн үйлчилгээг онолын хувьд мэддэг. Гэхдээ хийж үзэх нь чухал, харин хийж үзсэн нь тун ховор. Нөгөөтэйгүүр, манай улсад түүхий эдийн үүсмэл зах зээл байхгүй байна. Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр форвард, фьючерс, опцион гэх мэт  нэг ч үүсмэл гэрээ байдаггүй. Одоо л дөнгөж Хөдөө аж ахуйн бирж дээр форвард гэрээг ашиглаж эхэлж байна. Монголд санхүүгийн салбар нь ийм үйлчилгээг хийж чадаагүй байхад уул уурхайнхан бүр ч хол байх нь аргагүй. Хэджинг үйлчилгээг хэнтэй хийх, хэнээс зөвлөгөө авах, гэрээн дээрээ юу тусгах гэх мэт зүйлийг санхүүгийн мэргэжилтнүүдийн нарийн оролцоотойгоор хийж байж хэджинг амжилттай хийгддэг. Эс бөгөөс нэмээд илүү алдагдалд оруулах эрсдэлтэй. Хэджингийн үйлчилгээ үзүүлж буй институци нь мэргэжлийн, туршлагатай, олон улсад дэд бүтэцтэй, дараа нь хариуцлага хүлээх чадамжтай компани хийх ёстой гэдэг нь ийм учиртай.

Улс орон бүр өөрийн түүхий эдийн үүсмэл биржтэй байх нь ээ?
Хятадын зах зээл дэх нүүрсний үнэ, бусад орны нүүрсний үнэ өөр өөр, харилцан адилгүй. Ихэнх түүхий эдтэй улс орнууд биржтэй байдаг. Нэг бүтээгдэхүүнийг ялгаатай үнээр өөр өөр бирж дээр хэджлэх боломжтой. Учир нь, бид дэлхийн томоохон биржүүдтэй брокер хоорондын гэрээгээр холбогдсон. Тухайлбал, нүүрсний үнийг Хятадын Даляны түүхий эдийн бирж дээр хэджлэж болно. Зэсийн үнийг Лондоны металын бирж дээр хэджилнэ. Газрын тосны үнэ гэхэд манай улс шатахуун импортолдог ОХУ-ын Москвагийн бирж, эсвэл Сингапур, Европт “Brent” газрын тосны үнээр хэджлэх юм. Тэгэхээр хэджингийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн компани нь олон улсад дэд бүтэцтэй байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, брокер нь олон улс орны таваарын биржтэй холбогдох тусам үйлчлүүлэгч аль ч зах зээл дээр нэвтэрч, арилжаа хийнэ гэсэн үг.

Манай компани хэджинг үйлчилгээний хүрээнд, АНУ, Их Британи, Хонконг, Сингапур улсын түүхий эдийн 12 бирж дээр 1000 гаруй бүтээгдэхүүнийг опцион, фьючерс гэрээгээр арилжаалах болон БНХАУ-ын Далян (Daliang commodity exchange), Жэнжоу (Zhengzhou commodity exchange) болон Шанхайн олон улсын эрчим хүчний биржүүд (Shanghai international energy exchange) дээр алт, зэс, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүнийг биетээр, олон улсын биржийн үнээр борлуулах боломжуудыг санал болгож байна. Тодруулбал, Монголын коксжих нүүрсийг уурхайн амны нөхцөл, хилийн үнээр 60 ам.доллараар бус Хятадын түүхий эдийн биржийн өнөөгийн 200 ам.долларын үнээр худалдах жишээтэй. Одоогоор Монголын компаниуд ихэнхдээ биржийн бус хямд үнээр нүүрсээ борлуулж байна. Зарим нь урьдчилан байгуулсан гэрээний тогтмол үнээр нийлүүлдэг.

Олон улсын үүсмэл биржийн өнөөгийн чиг хандлага, хөгжлийн явцаас сонирхуулна уу.
Энэ оны хагас жилийн байдлаар, дэлхийд таваарын 197 бирж байна. Эргэлтийн хөрөнгийн хэмжээ болон нийт гэрээний дүнгээр хэджингийн зах зээл нь дэлхийд валютын зах зээлийн дараа орж буй. Энэ том зах зээлийн худалдаа, арилжаа, хөрөнгийн урсгалд Монголын уул уурхай гэлтгүй бусад салбарын компаниуд оролцох боломжийг бид олгож байна.

Таваарын зах дээр уул уурхайгаас гадна газар тариалан, хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн (элсэн чихэр, цагаан будаа, кофе) зэрэг бүтээгдэхүүнийг арилжаалдаг. Энэ зах дээр зөвхөн түүхий эд гэлтгүй валютын ханш, ус, цаг агаарыг эрсдэлийг ч хааж болдог.  Уул уурхайн олборлогч, метал үйлдвэрлэгч томоохон компаниуд “Рио Тинто” группээс авахуулаад “Coca Colа”, “Stаrbuсks” гээд бүх томчууд оролцож байна. Тухайлбал, Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” нь хүүгийн, валютын, түүхий эдийн эрсдэлүүдээ 1-5 жилийн хугацаатай хэд хэдэн таваарын үүсмэл гэрээгээр хэджилж байна. “Stаrbuсks” гэхэд, кофены жижиглэнгийн үнийг тогтмол барьдаг нь хэджинг үйлчилгээг оновчтой ашиглаж буй. Тэгэхээр хэджинг нь энгийн иргэд, хэрэглэгчдэд ч ашиг тустай үйлчилгээ юм. Нийгмийн хариуцлага талаасаа ч чухал санхүүгийн үйл ажиллагаа гэж тодорхойлмоор байна.

Валютын ханш, байгалийн гамшгийн эрсдэлээс хамгаалах нь манайд бас их хэрэгтэй юм байна?
Тариаланчдын ургац нь бороо, ган гачгаас их шалтгаалдаг шүү дээ. Ийм эрсдэлээс сэргийлж тариаланчид Цаг агаарын гэрээ, мөн Усны гэрээ авдаг. Ган гачиг тохиоход гэрээний ханш өсч, тэрхүү ашгаар ургацын алдагдлаа нөхдөг.
Манай улсад гадаад валютын ханш маш ихээр хэлбэлздэг эрсдэлтэй. Жишээлбэл, уул уурхайн компаниуд долларын орлогоороо Канадаас тоног төхөөрөмж авъя гэвэл USD/CAD ханшийн харьцаа чухал. Тэгэхээр валютын ханшийн хөдөлгөөнөөс сэргийлж компани USD/CAD-ийн тодорхой ханшийг “цоожилж” болно.

Одоогоор монгол төгрөг, америк долларыг хэджлэх боломжгүй. Учир нь, хуулийн дагуу дотоодын банкуудаар гүйлгээг төгрөгөөр хийх ёстой. Арилжааны банкуудын хувьд  Монголбанктай USD/ТӨГ форвард хэлцлээр ханшийг “цоожилдог”. Нөгөөтэйгүүр, манай улс Уул уурхайн түүхий эдийн бирж байгуулахаар бэлтгэж байна. Хөрөнгө оруулагч Монголоос нүүрс, бусад түүхий эдийн бүтээгдэхүүн худалдаж авахаар орж ирлээ гэхэд зөвхөн монгол төгрөгөөр гүйлгээ хийж таарна. Ийм нөхцөлд яаж Монголд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх билээ. Дээр нь харилцагчийн банкин дахь мөнгөнд шүүхийн шийдвэргүй нэвтэрдэг татвар, МХЕГ гэх мэт олон субьект байна. Гадаадын хөрөнгө оруулагчид Нью Йорк, Лондонд хийдэг бизнесийн тэр орчин, стандартыг Монголд бий болгох юм бол гаднын хөрөнгө оруулагчдыг “гуйсан, гуйгаагүй” манай улсад орж ирнэ. Тэрхүү орчин бүрдээгүй цагт Монголд хөрөнгө оруулах сонирхолгүй байсаар л байна шүү дээ.

Хэджингийн энэ бүх үйлчилгээг Монголын уул уурхайн салбарт анх­лан нэвтрүүлж  ажиллаж байгаа “Blue Sky Securities UTSK” компанийн турш­лага, мөн санхүүгийн ямар шинэ хэрэгс­лүүдийг дотоодын хэрэглэгчдэд санал болгож буй талаар танилцуулна уу.
Манайх Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаат компани бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны хяналт дор брокер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гадаадын олон бирж, сантай хамтран ажилладаг.

“Blue Sky Securities UTSK” компани хэджинг үйлчилгээний хүрээнд үйлчилгээний танилцуулга сургалт, дериватив, үүсмэл бүтээгдэхүүний брокерын үйлчилгээ буюу АНУ, Англи, Хонконг, БНХАУ-ын таваарын 12 бирж дээр опцион, фьючерс гэрээг арилжаалах, алт зэс, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүнийг БНХАУ-ын түүхий эдийн биржүүдэд (Dalian commodity exchange, Zhengzhou commodity exchange, Shanghai international energy exchange) биетээр нийлүүлэх, хэджингийн зөвлөх үйлчилгээ явуулж байна. “Blue Sky Securities UTSK” нь дотоодын үнэт цаасны анхдагч компанийн хувьд бид анхлан хадгаламжийн бичиг гаргаж байлаа. Цаашдаа ч санхүүгийн шинэ хэрэгслүүдийг анхлан нэвтрүүлэх зорилттой.

Ярилцсанд баярлалаа.