Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Нүүрсний экспорт аравдугаар сард 1.5 сая тоннд хүрч 46%-иар өсөв

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт оны эхний арван сарын байдлаар 13.2 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 26.3%-иар өссөн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Үүнд экспорт 7.52 тэрбум ам.доллар, импорт 5.64 тэрбум ам.долларыг эзэллээ. Тодруулбал экспорт өмнөх оны мөн үеийнхээс 25.7%-иар, импорт 27.2%-иар тус тус өссөн байна. Гадаад худалдаа мөн хугацаанд 1.88 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.3%-иар дээшилсэн дүнтэй гарлаа.

Зэс, нүүрс, төмрийн хүдэр, алт, газрын тосны экспорт улсын нийт экспортын 83.4%-ийг эзэлжээ.

Эрдсийн экспорт дундаа зэсийн баяжмалын худалдаа орлогоор тэргүүллээ. Оны эхний арван сарын байдлаар зэсийн баяжмалын экспорт 2.62 тэрбум ам.доллартай тэнцэж өмнөх оны мөн үеийнхээс 95%-иар өссөн байна. Харин биет жингээр зэсийн баяжмалын экспорт 1.16 сая тоннд хүрсэн нь 1.7%-ийн өсөлттэй дүн юм.

Нүүрсний экспортын тухайд өнгөрсөн аравдугаар сард худалдааны үзүүлэлт биет жингээр сэргэх хандлагатай болж ирсэн. Сарын дүнгээр өнгөрсөн аравдугаар сард 1.46 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 64%-иар буурсан дүн боловч өмнөх есдүгээр сарын дүнгээс 46%-иар өссөнийг илтгэнэ. Өөрөөр хэлбэл нүүрсний экспортын үзүүлэлт харьцангуй сайжирсан байна. Гэсэн хэдий ч оны эхний арван сарын нийт дүнгээр авч үзвэл нүүрсний экспортын биет хэмжээ 13.5 сая тонноор хэмжигдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 10.4 сая тонноор буюу 43.6%-иар буурсан гэсэн үг юм. Харин нүүрсний экспортын орлогын дүн оны эхний арван сард 1.97 тэрбум ам.доллартай тэнцэж өмнөх оны мөн үеийнхээс 11%-иар өссөн дүнтэй гарсан байна. Нүүрсний экспортын жингийн хэмжээ огцом буурсан ч зах зээлд ханш өндөр байгаа нь орлогын дүн өсөлттэй гарахад голлон нөлөөллөө.

Эх сурвалж: ГЕГ

Төмрийн хүдрийн экспорт мөн хугацаанд 6.6 сая тоннд хүрч 906 сая ам.доллартай тэнцлээ. Энэ нь жингээр 5.6%-иар буурсан ч орлогын дүн нь 70 гаруй хувиар өссөнийг илтгэнэ.

Газрын тосны экспорт он гарсаар 138%-иар өсч 250 сая ам.доллартай тэнцсэнээр хамгийн өсөлттэй түүхий эдээр нэрлэгдэж байна.

Алтны экспортын тухайд оны эхний арван сарын байдлаар нийт 11 тонныг экспортолж 600 гаруй сая ам.долларын орлого олсон дүнтэй байна. Тэр дундаа өнгөрсөн аравдугаар сард 3 тонн орчим алтыг 168 сая ам.доллараар экспортолжээ.

Бусад эрдсийн экспортын тухайд хар тугалганы хүдэр, баяжмалыг эс тооцвол бүгд орлогын дүнгээр өсөлттэй гарлаа.

Эх сурвалж: ГЕГ

 

Б.Төгс