Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Трафигура: Хятадын зэс болон бусад металын эрэлт буурна

Дэлхийн түүхий эдийн худалдааны компани Трафигура ирэх хоёрдугаар сарыг дуустал Хятадын зэсийн эрэлт буурах таамаглалыг дэвшүүлсэн байна. Учир нь тус улсын эрчим хүчний хангамжийн асуудал болон барилгын зах зээлийн өсөлтийн удаашрал зэрэг нь зэс болон бусад металын эрэлтэд нөлөөлнө гэж үзсэн байна. Мөн ирэх хоёрдугаар сард Бээжин хотноо болох Өвлийн Олимп болон тус улсын Цагаан сарын баяртай холбоотойгоор эрэлт төдийлөн өсөхгүй гэж үзжээ.

Ийнхүү ойрын хугацаанд урд хөршийн зэсийн эрэлт сулрах төлөвтэй байгаа бөгөөд барууны орнуудад ч цахилгааны үнийн өсөлттэй холбоотойгоор метал боловсруулах үйлдвэрүүдийн эрэлт багасч мэдэхээр байна.

Гэхдээ зэсийн ханшийн тухайд ирэх онд өсөлттэй хэвээр байх болно гэж “Трафигура” дүгнэсэн байна. Тодруулбал ирэх оны хоёрдугаар улирлаас эхлэн Хятадын үл хөдлөхийн зах зээл сэргэж, улмаар хаврын урин цагтай зэрэгцээд цахилгааны нийлүүлэлт ч илүү хангалттай болж ирнэ гэж тооцжээ.

Өнгөрсөн долоо хоногт зэсийн ханш буурах чиг хандлагатай байсан бол өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр зэсийн ханш (шууд худалдааны үнэ) дахин 10 мянган ам.долларын босгыг давлаа. Нөгөөтэйгүүр тус бирж дэх зэсийн агуулах дахь нөөц 109.5 мянган тоннд хүрсэн нь өнгөрсөн гуравдугаар сараас хойших доод хэмжээ юм.

Хятад улс өнгөрсөн аравдугаар сард 410.5 мянган тонн зэс импортолсон тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлсэн. Энэ нь өнгөрсөн есдүгээр сард 406 мянган тонн зэс импортолж байсантай харьцуулахад 1.1%-иар өссөн дүн боловч өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 33.6%-иар буурсан үзүүлэлт боллоо. Он гарсаар эхний арван сарын байдлаар Хятад улс 4.43 сая тонн зэс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 21%-иар доошилжээ.

Харин зэсийн баяжмалын импортын тухайд, аравдугаар сард 1.8 сая тоннд хүрсэн нь өмнөх есдүгээр сарын импортын дүн (2.11 сая тонн)-ээс буурчээ. Гэхдээ оны эхний арван сарын байдлаар тус улс нийт 19.2 сая тонн зэсийн баяжмал импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 6.3%-иар өсөлттэй гарлаа.

Б.Төгс