Монголын зүүн хойхнотой Оросын Хабаровск мужид Малмыжийн зэсийн ордыг ашиглах бүтээн байгуулалт ид өрнөж байна. ОХУ-ын Баялгийн зөвлөл тус ордын нөөцийг энэ намар 8,32 сая тонн зэс, 347 тонн алт хэмээн нэмэгдүүлэн тогтоосон. Ингэснээр тус ордыг “Русская медная компания” /РМК/ 2018 онд худалдан авсан үеийнхээс нөөц нь 60% нэмэгдэж байгаа юм.
Малмыжийн ордын бүтээн байгуулалтад РМК 2018 оноос хойш 2021 оны аравдугаар сар хүртэл 62 тэрбум рубль зарцуулаад байгааг тус компанийн дэд захирал Дмитрий Говоров есдүгээр сард болсон Дорнын Эдийн засгийн форумын үеэр мэдэгдэж байсан. Энэ хөрөнгө оруулалтыг компани дангаараа хийгээгүй. ОХУ-ын Засгийн газрын Алс Дорнодын бүс нутгийн хөгжлийн дэмжих бодлогын хүрээнд гаргаж буй урт хугацааны, хөнгөлттэй зээлээс 7 тэрбумыг авчээ.
Малмыжийн ордыг ашиглах төсөл нь бүс нутгийн хөгжилд онцгой үүрэгтэй гэж үзэж буй учир санхүүгийн том компаниуд дэмжин, хамтран оролцож байна. Тухайлбал, Владивостокийн форумын үеэр Гакпромбанк банк болон Сбер банк энэхүү төслийн санхүүжилтэд оролцох гэрээг РМК-тай байгуулсан. Энэхүү гэрээгээр тус хоёр банк 12,5 жилийн хугацаатай 195 тэрбум рублийн зээлийг олгох юм.
248 тэрбум рублийн өртөгтэй уг төслийн дагуу Малмыжийн ордыг түшиглэн баяжуулах үйлдвэр баригдана. Баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил одоо ид өрнөж байна. Үйлдвэр ашиглалтад орвол жилдээ 90 сая тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай. Төслийн гүйцэтгэгчээр “Амур Минералс” компани ажиллаж байна.
РМК нь зэс олборлолтоор Оросын гурван тэргүүлэх компанийн нэг. 2004 онд байгуулагдсан бөгөөд Оросын Челябинск, Свердловск, Оренбург, Новгород, Хабаровск мужуудад болон Казахстанд ашигт малтмалын ордууд эзэмшдэг. РМК уул уурхайн 8 олборлох үйлдвэр, гидрометаллургийн 1, металлургийн 3 үйлдвэртэй. Одоогийн байдлаар РМК нь жилдээ 390 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллаж байна. Катодын зэсээс гадна зэсийн концентрац, зэсийн цувимал, элетролитийн ялтас үйлдвэрлэдэг.
Малмыжийн баяжуулах үйлдвэр Хабаровскоос 274 км-т баригдаж байна. Цар хүрээ, ач холбогдлоороо Малмыжийн төслийг Оросын зүүн хязгаарын бүс нутагт хэрэгжүүлж байгаа нефть дамжуулах “Дорнод Сибирь-Номхон далай” хоолойн төсөл, РЖД-гийн Зүүн полигон зэрэг төсөлтэй дүйцүүлэн үзэж байна.
Малмыжийн ордын баяжуулах үйлдвэр нь Оросын Алс Дорнодын боомтуудтай ойр байгаа нь ложистикийн хувьд экспортын том давуу тал болж байна. Эндээс Ванино, Совгавань боомт хүртэл 450 орчим км. 900 орчим км яваад төмөр замын Гродеково станц хүрэх бөгөөд Гродеково нь Хятадын төмөр замтай Суйфэнхэ станцаар холбогддог. Гродеково нь өнгөрсөн зууны эхээр баригдсан Хятад-Дорнодын төмөр замын чухал уулзвар цэг байсан. Одоо ч гэсэн энэ станц ач холбогдол өндөр хэвээр байна. Хятадаас Орос руу, Оросоос Хятад руу хийгдэж буй тээврийн тодорхой хэсэг дамжсан хэвээр байна. Орос иргэдийн ганзагын наймааны ихээхэн хэсэг үүгээр өнгөрдөг.
Малмыжийн ордыг 2006 онд нээн илрүүлсэн. Малмыжийн ордын нийт хүдрийн хэмжээг 2,4 тэрбум тонн гэж үзэж байгаа бөгөөд зэс, алт, мөнгөний агуулга өндөртэй. РМК группийн мэдэлд байдаг Челябинскийн Михеевскийн баяжуулах үйлдвэр жилд 27 сая тонн хүдэр баяжуулж байгаа бол Малмыжийн үүнээс гурав дахин их буюу 90 сая тонн хүдэр баяжуулж, 250 мянган тонн зэсийн концентрат үйлдвэрлэхээр зорьж байна. Энэ нь одоо Оросын үйлдвэрлэж байгаа зэсийн концентратыг 30% нэмэгдүүлнэ гэсэн үг юм.
Төслийн хүрээнд үйлдвэрлэлийн болон иргэний зориулалтын нийт 38 объектыг барьж байгуулна. 2023 онд баяжуулах үйлдвэрийн нэг, хоёрдугаар шугамыг, 2024 онд гурав, дөрөвдүгээр шугамыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. 2025 оноос үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллана гэж РМК тооцоолж байна.
Д.Нарантуяа