УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг тус тус бүхэлд нь эцэслэн (2021.11.12) баталлаа.
Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 16,415.1 тэрбум төг, төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 18,158.7 тэрбум төгрөг, төсвийн алдагдал 2,387.1 тэрбум төгрөг (ДНБ-ийн 5.1%) байхаар баталлаа.
Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 2,218,053.4 сая төгрөгөөр санхүүжүүлж, “Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд 303,600.0 сая төгрөгийн эргэн төлөлт хийхээр болж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд төсвийн жилд 643,389.3 сая төгрөгийн хөрөнгө хуримтлуулахаар батлав.
Төсвийн жилд орон нутгийн төсөвт нийт 236,728.1 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож, орон нутгийн төсвөөс улсын төсөвт нийт 513,998.7 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих урсгал зарлагыг нийт 253,401.4 сая төгрөгөөр баталлаа.
Харин Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд Нийгмийн даатгалын санд төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид нийт 2,840,418.8 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, нийт 98,100.0 сая төгрөгийн эргэн төлөх төлбөр төлж, нийт 2,750,964.7 сая төгрөгийн төсөв зарцуулахаар тусган батлав.
Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд Эрүүл мэндийн даатгалын санд төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нийт 1,450,723.5 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, нийт 136,400.0 сая төгрөгийн эргэн төлөх төлбөр төлж, төсвийн ерөнхийлөн захирагч нийт 1,481,369.2 сая төгрөг зарцуулахаар тусгаж баталсан.
Харин Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд Ирээдүйн өв санд төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нийт 1,461,737.7 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, төсвийн ерөнхийлөн захирагч нийт 1,461,737.7 сая төгрөгийн төсөв зарцуулахаар тусгасныг баталлаа.
Ингээд Монгол Улсын 2022 оны төсөв батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр дотоодын эдийн засгийг гурав дахин тэлэх томоохон төслүүдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын зардлыг хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ”-ийг дэмжих төсөв болж чадсан гэж үзэж байгаагаа онцоллоо. Ирэх онд 2.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.7 их наяд төгрөг оногдохыг мөн тодотголоо.
УИХ-ын дарга 2022 оны төсөв нь бүхэлдээ Монгол Улсын төсөв, мөнгөний бодлогод шинэчлэл хийх, цар тахлын үеийн эрсдэлийг даван туулж улсын эдийн засгийг эрчимтэй хөгжлийн замд шилжүүлж, Монгол Улсаа сэргээн мандуулах бидний зорилгод чухал алхам болсон гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглэсэн.