-Бид түр зуурын туслан гүйцэтгэгч биш харин Оюутолгойн үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг-
Р.Ренчиндулам
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад туслан гүйцэтгэгчээр ажилладаг “Премиум Конкрит” компани нь “Рио Тинто” группийн 2020 оны аюулгүй ажиллагааны “Шилдэг туслан гүйцэтгэгч”-ээр шалгарлаа.
“Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирлын нэрэмжит аюулгүй ажиллагааны шагналыг жил бүр гардуулдаг. Тус шагналыг аюулгүй ажиллагааны тогтвортой, шилдэг үзүүлэлтийг гаргасан, манлайлагч, оролцоог хангасан, ноцтой эрсдэлийн удирдлага болон сургамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн уурхайнууд болон баг хамт олонд олгож, сайшаан урамшуулдаг юм.
“Премиум Конкрит” компани нь 2011 онд байгуулагдсан бөгөөд 1600 гаруй ажилтантай Монголын бетон зуурмагийн хамгийн том үйлдвэр юм. Тус компанийн 300 гаруй ажилтан гүний уурхайн төсөл дээр ажиллаж байна.
Ажлын гүйцэтгэлд гурван зүйл тод илэрдэг
Шагнал гардуулах үеэр “Оюутолгой”-н Гүний уурхайн төслийн удирдагч Крис Айчисон нь “Премиум Конкрит” компанийг шилдгээр шалгаруулсан шалтгааныг дурдсан юм. Тэрбээр “Премиум Конкрит” компанийн ажлын гүйцэтгэлд гурван зүйл тод илэрдэг. Эхнийх нь эрсдэлийг хянах арга барил бөгөөд үүнийгээ ажлынхаа гүйцэтгэл бүрт чамбай тусгаж өгдөг. Хоёрт, аюулгүй ажиллагааны дараалал, үйл явц, системийг ягштал мөрдөж заншсан нь тэдний том давуу тал. Гуравт, “Премиум”-ын хамт олон өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажил хөдөлмөрөөрөө бахархдаг, түншлэгч талтайгаа нягт хамтран ажиллаж чаддаг зэрэг нь тэднийг онцлоход хүргэсэн юм. Эдгээр давуу талаас гадна “Премиум Конкрит” компанийн хамт олон “Рио Тинто” группийн “Аюулгүй ажиллагааны төлөвшлийн загвар”-ыг өндөр түвшинд хэрэгжүүлэх, сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм” гэлээ.
Ноцтой эрсдэлийн удирдлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн
“Премиум индастриал энд инженеринг” компанийн гүйцэтгэх захирал О.Батмөнх “2017 оноос “Оюутолгой” төсөл дээр ажиллаж эхэлсэн цагаасаа аюулгүй ажиллагааны арга барил, дүрэм журмаа тасралтгүй сайжруулсаар ирсэн. Аюулгүй ажиллагааныхаа дүрэм журамд оруулсан сайжруулалтуудын нэг нь ноцтой эрсдэлийн удирдлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн явдал. Манай хамт олонд “бид түр зуурын туслан гүйцэтгэгч биш харин Оюутолгойн үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг” гэсэн үзэл санаа суусан байдаг” гэсэн юм.