Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Ногоон эдийн засгийн бодлого:  Хүсэл, хясал 

The Mongolian Mining Journal /Oct.2021/

Д.Нарантуяа

КОВИД-19 цар тахлын хажуугаар эрчим хүчний хямрал дэлхий нийтийг нэрвэж эхэллээ. Нийлүүлэлтийн хомсдлоос үүдэн Европ тивд хэрэглээний хийн үнэ энэ аравдугаар сард тав дахин нэмэгдсэн, залгуулаад газрын тосны нийлүүлэлт доголдож эхлээд байна. Дэлхийн улс орнуудын эдийн засагт үүсээд байгаа өнөөгийн тогтворгүй байдал цар тахлаас ихээхэн хамаарч байгаа ч цар тахлаас хамааралгүй өөр олон хүчин зүйл мөн нөлөөлж байна.

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах дэлхий нийтийн зорилтыг биелүүлэхийн зэрэгцээ эрчим хүчний найдвартай нийлүүлэлтийг хангах гэсэн хоёр зорилтын харилцан уялдааг хэрхэн хангах вэ гэдэг асуулт энэ хямралын гогцоо асуулт боллоо. Коронавирусийн халдвараас сэргийлж улс орон бүр сүүлийн хоёр жилд урт богино хугацаагаар нэг биш удаагийн давтамжтайгаар хөл хорио тогтоолоо. Үүнээс үүдэн дэлхийн улс орнуудын хоорондын бизнесийн харилцаа саатаж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа бууруулсан. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа бууруулна гэдэг бол эрчим хүчний хэрэглээ буурна гэсэн үг. Олон улсын эрчим хүчний агентлагийн статистикаар 2020 онд дэлхийн эрчим хүчний нийт хэрэглээ 4%-иар буурсан нь цар тахлаас үүдсэн улс орнуудын хязгаарлалтын шийдвэрээс үүджээ. 2000-2018 оны хооронд дэлхийн эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 2% нэмэгдэж ирсэн бол 2019 онд 0.8%, 2020 онд өмнө өгүүлсэнчлэн 4% буурсан байна. 

Сонирхолтой нь 2020 онд эрчим хүчний хэрэглээ ганцхан улсад нэмэгдсэн нь БНХАУ байжээ. Дэлхийн эрчим хүчний хэрэглээний 24%-ийг эзэлдэг Хятадын эрчим хүч үйлдвэрлэл 2020 онд 2.2% нэмэгдсэн байна. Эрчим хүчний үйлдвэрлэл нь хамгийн ихээр буурсан орнууд гэвэл АНУ (-7.6%), Европын холбоо (7%) , Япон, Канад, ОХУ (-4,8%), Энэтхэг, Өмнөд Солонгос, Саудын Араб (-3%), Австрали, Бразил (-2%) байжээ. Ийнхүү үйлдвэрлэл буурсантай холбоотой  эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ дунджаар 4,7% унасан нь сүүлийн 70 жилд тохиолдоогүй явдал байжээ. 

Тухайлбал, 2018 онтой харьцуулахад 2020 онд Европт хэрэглээний хийн үнэ бараг хоёр дахин буурч 1000 куб метр нь 113 ам.доллар болсон. Харин энэ аравдугаар сард Европын хэрэглээний хийн үнэ 1000 куб метр нь 1200 ам.доллар хүрлээ. Аравдугаар сарын 6-ны өдөр 1900 ам.доллар хүрээд эргээд буусан нь түүхэн дээд үнэ байжээ. Европт байгалийн хийн үнэ ийнхүү огцом нэмэгдсэн нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалсан. Сүүлийн 10 жилд ногоон эдийн засаг, ногоон эрчим хүчний бодлогын хүрээнд Европ тивийн улс орнуудын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл эрс нэмэгдсэн сайн талтай ч сэргээгдэх эрчим хүч бол байгал цаг уурын нөхцөл байдлаас шууд хамааралтай. Өнгөрсөн өвөл харьцангуй хүйтэн, урт байснаас Европ байгалийн хийн нөөцөө бүрэн ашигласан бөгөөд залгуулаад бараг салхигүй шахам байсан зуны улирал тохиосон нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд нэрмээс болсон. 

Дэлхийн хоёр дахь эдийн засаг Хятад улс мөн эрчим хүчний хямралд ороод байна. Ногоон эрчим хүчний бодлогоо хатуу баримталж байгаа ч цахилгаан, дулааны хангамжийг тогтвортой байлгахын тулд түүхий нүүрсний хэрэглээг нэмэгдүүлэх замаар хямралыг гэтлэхийг хичээж байна.

Эрчим хүчний хямрал эцсийн дүндээ нэмэгдсэн үнээр дамжин хэрэглэгчдэд ачаа болон очиж байна.


Ногоон эрчим хүч рүү шилжих явцад иймэрхүү дэлхий нийтийг хамарсан  хямрал хэд хэд тохиолдож болзошгүйг Олон улсын энергийн агентлаг анхааруулж байна. Парисын хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтын хүрээнд ногоон эрчим хүчний хэрэглээ рүү шилжих хандлагаа даган эрчим хүчний уламжлалт үйлдвэрлэл рүү оруулах хөрөнгө оруулалт ерөнхийдөө буурч эхэлжээ. Харин ногоон эрчим хүч рүү буюу сэргээгдэх эрчим хүч рүү оруулж байгаа хөрөнгө оруулалт хангалттай биш байгаагаас өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангаж дийлэхгүй байгааг онцолсон байна. Парисын хэлэлцээрийн зорилтууд нь хөгжиж байгаа, буурай орнуудын эдийн засагт давхар нэрмээс болж байгаа учраас шилжилтийн үеэ даван туулахад нь дэлхийн нийтийн эв санааны нэгдэл, хүчин чармайлт, техникийн тусламж хэрэгтэй байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутереш саяхан Ерөнхий ассамблейд хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.


Монголын эрчим хүч ногоорох болоогүй

Монгол Улсын хувьд энэ намар мөн л эрчим хүчний хямралд орлоо. Нийслэл Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхгүй байх шийдвэрийг гурван жилийн өмнө гаргаж иргэдээ сайжруулсан түлшээр хангаж эхэлсэн. Үр дүнд нь Улаанбаатар хотын агаарын бохирдол мэдэгдэхүйц буурсан. Байгалийн хийн нөөцөө дуусгаад, өвлийн бэлтгэлдээ бэлдэж амжаагүй байтал үнийн цохилтод нэрвүүлсэн европчуудын нэгэн адил зуны сарыг гурав биш зургаа гэж бодож явсан улаанбаатарчууд намрын хүйтэн өдрүүдэд түлшгүйн зовлонг амслаа. Шөнөдөө -10 градус хүртэл хүйтэрсэн өдрүүдэд гэр хорооллын иргэд зуухандаа түлэх түлш олж чадсангүй. Есдүгээр сарын сүүлээр шатахуун олж авахын тулд урт дараалалд зогсч байсан иргэд энэ удаад сайжруулсан түлш авахаар урт дараалал үүсгэлээ. Өвөлд бэлдэж, 70 гаруй мянган тонныг нөөцөлсөн ч түгээлтийн цэгийг нэмж чадаагүй учраас иргэд зутарсан гэсэн тайлбарыг Эрчим хүчний сайд хийлээ. Харин сайжруулсан түлшийг үйлдвэрлэгч “Тавантолгой түлш” компанийн зүгээс түлшний үнийг төрөөс барьж байгааг болих ёстой гэсэн тайлбарыг хийлээ. Нийлүүлэлтийн доголдлыг арайхийн нөхсөн ч Хятадын Эрээн боомтод КОВИД-19-ийн халдвар гарч хилийн хөдөлгөөн хаагдсаны улмаас түлш барьцалдуулагч гол бодис хилийн цаана гацсан таагүй мэдээ байна.

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш хоёр төрлийн бүтээгдэхүүний үнийг чөлөөлөөгүй өнөөг хүрсэн. Энэ нь эрчим хүч, шатахуун юм. Хамгийн гол стратегийн хоёр бүтээгдэхүүн. 
Эрчим хүчний салбарыг зах зээлийн зарчмаар нь ажиллуулах саналыг салбарын үе үеийн  сайдууд, мэргэжлийн хүмүүс нь тавьсаар ирсэн ч эдийн засгийн суурь үнэ болсон эрчим хүчний үнийг чөлөөлөх улс төрийн эр зориг гаргах улс төрийн хүчин гараагүй өнөөг хүрлээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Эрчим хүчний тухай хуулиар цахилгаан, дулааны үнийг Эрчим хүчний зохицуулах хороо хариуцдаг. Эрчим хүчний зохицуулах хорооноос хамгийн сүүлд өгсөн мэдээллээр түүхий эдийн үнэ өсч байгаатай холбоотойгоор цахилгаан дулааны үнийг дор хаяж 20 хувиар нэмэгдүүлэх тооцоо танилцуулсан. Ер нь цахилгаан дулааны үнийг нэмэхгүй бол үйл ажиллагаа явуулахад маш хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна. Чадлын дутагдалд орж эхэлсэн гэдгийг бид мэдэж байгаа. Чадлын дутагдлаас гарах, хөрөнгө оруулалтыг нэмэхийг гацааж байгаа зүйл бол төрөөс цахилгаан дулааны үнийг хатуу барьж байгаатай холбоотой. Тиймээс цахилгаан дулааны үнийг нэмэх зайлшгүй шаардлага байгаа” гэсэн мэдээллийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны (2021.10.14) үеэр хийсэн. Эрчим хүчний салбар хэвийн ажиллахад, тухайлбал, нүүрсний уурхай, төмөр зам, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах компаниуд хэвийн ажиллахад 159.6 тэрбум төгрөг шаардлагатай байгаа бөгөөд эдгээр хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд хэрэглэгчдэд борлуулах 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний тарифыг 36 хувиар, дулааны эрчим хүчний тарифыг 20 хувиар тус тус нэмэгдүүлэх тооцоог Эрчим хүчний зохицуулах хороо гаргасан байгаа. 2020 оны дүнгээр эрчим хүчний салбар 92.0 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

Төрөөс эрчим хүчний салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичигт салбарын алсын харааг “Улс орны эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжил, эрчим хүчний аюулгүй байдал, найдвартай ажиллагааг бүрэн хангаж, хувийн хэвшил, зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлд суурилсан үр ашигтай, хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологи бүхий, цахилгаан эрчим хүч экспортлогч орон болоход оршино” гэж тодорхойлсон. Мөн УИХ-аас 2020 оны тавдугаар сард баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт  “Эрчим хүчний салбарт олон нийлүүлэгчтэй болох замаар улсын монополийг задлах, үнэ тарифийг чөлөөлөх бодлогыг хэрэгжүүлэх нь урт хугацаанд өөрийн эрчим хүчний хямд эх үүсвэрт тулгуурласан үр ашигтай үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эрчим хүчний хангамжийн найдвартай, аюулгүй байдлыг хангах үүднээс чухал ач холбогдолтой болно” гэж томьёолсон билээ.

Ойрын өдрүүдэд эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хэд хэдэн шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргалаа. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн цахилгаан станцыг барих чиглэлд тодорхой алхмууд хийлээ. Гэсэн ч манай улсын эрчим хүчний гол эх үүсвэр нүүрс. Гэтэл дэлхий даяараа ногоон эрчим хүчний концепц руу шилжиж, нүүрсийг эрчим хүчний голлох эх үүсвэрээс халах чиглэлд хөгжиж байна. Улам бүр өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг найдвартай хангангаа байгаль, экологид аюулгүй эх үүсвэр, технологи ашиглах, түүхий нүүрсний хэрэглээг аажмаар бууруулах, яваандаа халах үүргийг дэлхийн улс орнууд Парисын хэлэлцээрээр хүлээгээд байгаа. Нүүрснээс өөр эрчим хүч, дулааны хангалттай эх үүсвэргүй Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмэгдүүлэхийг зорьж байгаа ч сэргээгдэх эрчим хүчний үнэ харьцангуй өндөр хэвээр байна. Парисын хэлэлцээрийн дагуу Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулах үүрэг хүлээсэн. 

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хөгжиж буй гишүүн орнуудын дунд эрчим хүчний систем нь нүүрснээс хамгийн их хамааралтай байгаа нь Монгол Улс юм. 2018 оны байдлаар Монгол Улсын эрчим хүчний 80 гаруй хувийг хангадаг Төвийн Эрчим хүчний систем (ТЭХС)-д төвлөрүүлж буй нийт эрчим хүчний 93 хувийг нүүрс шатаах замаар эрчим хүч гаргадаг дулааны болон цахилгаан станцуудаас нийлүүлж байна. 

Төрийн зохицуулалтад байгаа эрчим хүчний үнэ тарифыг сүүлийн жилүүдэд бага хэмжээгээр нэмэгдүүлж байгаа ч салбарын алдагдлыг нөхөх хэмжээнд хүрэхгүй. 2020 оны байдлаар 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг дунджаар 175.95 төгрөгөөр үйлдвэрлээд 168.14 төгрөгөөр хэрэглэгчдэд борлуулж байна. Ковидын нөхцөл байдлаас үүдсэн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар цахилгаан, дулааны үнийг “Эрдэнэт” үйлдвэрийн орлогоор төлөөд жил гаруй болж байна. Хэдийгээр энэ алхам нь цар тахлын сөрөг нөлөөлөлтэй шууд холбогдож байгаа ч энэ хугацаанд УИХ-ын болон Ерөнхийлөгчийн  сонгууль явагдсан бөгөөд эрх баригчдын энэ энэрэнгүй шийдвэр давхар бодолтой байсныг мартах учиргүй. 

Хүлэмжийн хийн ялгарлыг хамгийн их ялгаруулж буй эрчим хүчний салбарт шилжилт (Energy transition)-г хийх үйл явц ид өрнөж байгаа энэ үед цэвэр эрчим хүчний технологиуд (сэргээгдэх эрчим хүч, хуримтлуурын технологи, цахилгаан тээврийн хэрэгсэл, ус төрөгч гэх мэт)-ыг нутагшуулах, мэдээллийн болон цахим технологиудын шийдлийг нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм.

Монгол Улсын Засгийн газраас шинээр барихаар төлөвлөж буй цахилгаан станцуудын дийлэнх нь нүүрсээр ажилладаг станцууд. Монгол Улсын хувьд нүүрсний хэрэглээнээс татгалзах боломж одоогоор байхгүй. Эрчим хүч үйлдвэрлэлийн дөнгөж 4 хувь нь сэргээгдэх эрчим хүч байгаа нь тун чамлалттай үзүүлэлт юм. Харин энэ үзүүлэлт дэлхийн нийт эрчим хүч үйлдвэрлэлд 14 хувьд хүрээд байгаа билээ. Ялангуяа 2015 оны Парисын хэлэлцээрээс хойш сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь жил бүр нэмэгдсээр байна. Монгол Улс нүүрснээс татгалзаж чадахгүй ч сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, мөн  эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн бодлогыг хэрэгжүүлж нүүрстөрөгчийн хийг бууруулах гэсэн хоёр үндсэн чиглэлээр ногоон болох зорилт руу дөхөхөөр зүтгэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын индэр дээр зарласан тэрбум мод тарих амлалт ч энэ зорилгод хүрэх нэг алхам юм.