“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас зарласан “Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх” түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй нээлттэй тендертэй холбоотой мэдэгдэл гаргасан байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгой ордод түшиглэсэн нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг техник-эдийн засгийн үндэслэлийн дагуу 2021 оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлж, 2023 онд ашиглалтад оруулахаар дунд хугацааны төлөвлөгөөндөө тусгасан.
2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр тендер шалгаруулалтыг нээхэд “Жунгмэй Инженеринг Групп”, “Норинко Интернэйшнл” болон “Пауэр Констракшн Корпорэйшн оф Чайна, Бээжин Гуохуа Техноложи Групп”–ийн түншлэл, “Синостийл МИКК, Бээжин Хуаюу Инженеринг” ХХК-ийн түншлэл нарын дөрвөн оролцогч тендерийн баримт бичиг ирүүлсэн байсан. Үүнээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.4 дэх заалтад зааснаар “Синостийл МИКК”, “Бээжин Хуаюу Инженеринг” ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендер хамгийн сайн үнэлэгдсэн. Иймд гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн. Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн 13.1 (ж) 8-т зааснаар “НБҮ-ийн зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолгүй” болохоо мэдэгдсэн албан мэдэгдлийг тендерт оролцогчид бүгд ирүүлж, ирүүлсэн баримт бичгийн хүрээнд хараат бус үнэлгээний хороо тендерийг үнэлсэн байна.
Тодруулбал, 100% төрийн өмчит компани “Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп” нь нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ, FEED боловсруулсан “Чайна Металлуржикал Инженеринг“ ХХК-тай нэгдмэл сонирхолгүй болохыг мэдэгдэлдээ дурджээ.