Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Fortescue Metals 2040 онд нийлүүлэлтийн сүлжээн дэх хүлэмжийн хийн ялгаруулалтаа бүрэн арилгах амлалт өгөв

Б.Төгсбилэгт

Австралийн төмрийн хүдрийн дөрөв дэх томоохон компани “Fortescue Metals Group” үйл ажиллагааны хүрээн дэх шууд болон шууд бус (scope/хамрах хүрээ 1 болон 2) хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2040 он гэхэд арилгах амлалт өнгөрсөн онд өгсөн байсан юм. Улмаар энэ оны гуравдугаар сард уг хугацааны товыг 2030 он болгож наашлуулсан. Энэ нь “Рио Тинто”, “BHP”, “Вале” зэрэг томоохон компаниудаас даруй 20 жилээр эрт зорилтдоо хүрнэ гэсэн үг. Гэхдээ үүнд нийлүүлэлтийн сүлжээн дэх хүлэмжийн хийн ялгаруулалт буюу үйл ажиллагаанд хамааралгүй хэсгийг (scope/хамрах хүрээ 3) бууруулах амлалт багтаагүй байсан юм. Тэгвэл тус компани аравдугаар сарын 5-нд уг амлалтыг 2040 он гэхэд биелүүлэхээ мэдэгджээ. Ингэснээр тус компани хүлэмжийн хийн ялгаруулалтаа бүрэн хэмжээгээр бууруулах зорилтыг хамгийн эрт биелүүлэх олборлогч компаниар тодорч байна. Нийлүүлэлтийн сүлжээнд хамаарах хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулна гэдэг уул уурхайн компаниудын хувьд тун амаргүй сорилт болоод байгаа юм. 

Тус компани нь ногоон устөрөгч үйлдвэрлэх замаар асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөсөн. 2023 он гэхэд эхний байдлаар ногоон устөрөгч үйлдвэрлэж, улмаар 2030 он гэхэд жилд 15 сая тоннын гарцтай ажиллахаар зэхэж буй юм. Ногоон устөрөгч нь зөвхөн сэргээгдэх эрчим хүч ашиглан үйлдвэрлэснийг хэлдэг. Харин нүүрс, байгалийн хий ашигласан тохиолдолд энэ нь ногоон устөрөгчид тооцогдохгүй.

Компанийг үндэслэгч Эндрю Форрестийн тайлбарлаж байгаагаар уур амьсгалын дулаарлыг бууруулахын тулд ногоон устөрөгчийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх нь гол шийдэл байх ажээ. Хүлэмжийн хийн ялгаруулалтыг газрын дор хадгалах эсвэл дүйцүүлэн бууруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэж болно гэж үзсэн хэвээр байгаа нь Парисын хэлэлцээрийн сул тал болохыг тэрбээр шүүмжилжээ.  

Fortescue Metals нь ногоон устөрөгч үйлдвэрлэж, улмаар уг түлшийг ашиглан гангийн түүхий эд үйлдвэрлэхээр зорьж буй юм. Шинжээчид Fortescue-ийн ийм зоримог шийдвэрийг “Рио Тинто”, “BHP” зэрэг уул уурхайн тэргүүлэх компаниудад илүү түлхэц үзүүлэх болов уу гэж харж байна.