“Багануур” ХК нь автомашины хуучин кузовыг ашиглан экскаваторын 4 дэх шанагаа үйлдвэрлэж, ашиглалтад оруулжээ. 2017 онд анхны шанагаа үйлдвэрлэсэн бөгөөд ингэхдээ ОХУ-ын загвараар хийсэн бол 2018 онд үйлдвэрлэсэн 2 дахь шанагыг америк загвараар үйлдвэрлэсэн аж. Эдгээр шанагыг одоо ч ашигласаар байгаа юм.
Дотооддоо техникийн тоног төхөөрөмж үйлдвэрлэснээр цар тахлын улмаас хил гааль хаалттай, бэлдэц төмрийн олдоц муу, дээр нь техник хэрэгсэл нь үнэтэй байгаа энэ үед дотоод нөөц боломжоо ашиглаж хэмнэлт гаргасан ажилд тооцогдож буй юм. Тухайлбал, “Багануур” ХК-д ашиглагдаж буй ЭШ-10/70 маркийн дөрөв алхагч экскаватор нь жилд дунджаар 7 сая шоо метр уулын цулын ажил гүйцэтгэдэг аж. Ийм хэмжээний ажил гүйцэтгэхэд жилд хоёр ширхэг шанага худалдан авах шаардлагатай болдог байна. Импортын шанага нь зах зээлд тус бүр 250-300 сая төгрөгийн үнэтэй байдаг юм. Харин дотоод нөөц бололцоогоо ашиглаж өөрсдөө үйлдвэрлэхэд ердөө 90 сая төгрөг зарцуулж байгаа ажээ.
Нэг шанагыг 3 сарын хугацаанд үйлдвэрлэдэг
Экскаваторын шанага үйлдвэрлэхэд ямар асуудал тулгамддаг, цаашид захиалга ирвэл үйлдвэрлэх хүчин чадлын талаар “Багануур” ХК-ийн төслийн багийн удирдагч Г.Соронзонболдоос тодрууллаа.
Танай компани урьд нь жилд экскаваторын хэдэн шанага худалдаж авдаг байсан бэ?
Бид одоогоор 4 дэх шанагаа хийгээд байна. Урьд нь ОХУ-аас бэлдэц авч үйлдвэрлэдэг байсан бол хил гаалийн нөхцөлөөс үүдээд энэ удаад хуучин машины кузов ашиглаж хийж үзлээ. Манайх жилд дунджаар ийм төрлийн 1-2 шанага худалдаж авдаг байсан.
Бусад газраас захиалга өгвөл танайх хэр хугацаанд үйлдвэрлэх вэ. Үйлдвэрийн хүчин чадал, тулгамддаг асуудлын талаар ярихгүй юу?
Манайд шанаганы зураг, загвар, дизайнаа гаргаад өгвөл бид захиалгыг гүйцэтгэх бүрэн боломжтой. Манайд мэргэжлийн баг хамт олон бий. Бид бүтээгдэхүүнээ патентжуулсан. Тиймээс захиалга аваад үйлдвэрлэл явуулахад ямар нэгэн асуудал алга. Нэг шанагыг 3 сарын хугацаанд үйлдвэрлэж байгаа. Захиалгаа урьдчилаад өгсөн тохиолдолд бид цаг тухайд нь үйлдэрлэж, ашиглалтад оруулна.
Танай баг экскаваторын шанаганаас гадна өөр ямар төхөөрөмж үйлдвэрлэж байна вэ?
Бид дотооддоо экскаватор, ковшийн шанага, уул уурхайн техникийн араа, шүднээс эхлээд ойр зуурын зүйлсээ боломжоороо үйлдвэрлэж байгаа.
Р. Ренчин