Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

CRU: 2030 оноос нүүрсний эрэлт буурч, Монголын эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлнэ

“Монгол Улсын эрдэс баялгийг оновчтой хөгжүүлэх эдийн засгийн судалгааны тайлан” болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өчигдөр /2021.11.30/ боллоо. Судалгааг Дэлхийн банкны санхүүжилтээр “CRU consulting” судалгааны байгууллага хийжээ. “CRU consulting” нь уул уурхайн салбарт дүн шинжилгээ хийх, зөвлөгөө өгөх зэрэг чиглэлээр мэргэшсэн, 50 гаруй жилийн туршлагатай дэлхийн хэмжээний компани юм. Тус судалгааг 2030 он хүртэлх зах зээлийн төлөвт суурилан дүгнэжээ. Тухайлбал, нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалаас төсөвт төвлөрүүлэх орлого ямар байх, цаашдын зах зээлийн чиг хандлага, боломжийг судалгаагаар тодорхой болгожээ. 

Уг судалгаагаар Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувь хэмжээ дараагийн 10 жилд буурахгүй гэсэн дүгнэлт гарчээ. Учир нь, Монгол Улсын экспортолж байгаа бүтээгдэхүүн олон улсын зах зээлд эрэлттэй байх юм. Мөн алт, зэс зэрэг ашигт малтмалын үнэ өндөр байх төлөвтэй байгаа бөгөөд энэ байдал ирэх 10 жилд ч хадгалагдсаар байна гэж дүгнэжээ.

Харин дэлхий даяар хүлэмжийн хийн ялгарал ихтэй байгаа салбаруудаас эдийн засгаа хөндийрүүлээд эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор Монголтой худалдаа хийдэг гол түнш орнууд нүүрсний хэрэглээгээ багасгах бодлого баримталж байгаа гэж үзжээ. Тиймээс 2030 оноос нүүрсний эрэлт буурч, энэ нь Монголын эдийн засагт томоохон нөлөөлөл үзүүлэх аж. Тиймээс энэ салбараас орж ирж байгаа орлогыг зөв, зохистой зарцуулж, хуримтлуулж, арвижуулах нь чухал байна гэж үзжээ.

Түүнчлэн 2020-2030 онд үйлдвэрлэл нэмэгдэж, урт хугацаанд эрдэс баялгийн үнэ эерэг хүлээлттэй байхтай холбоотойгоор салбарын нийт орлого 5.3 тэрбум ам.доллароос 12.5 тэрбум ам.доллар болж өсөх хандлага ажиглагдаж байгаа аж.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг гурав дахь удаагаа хэлэлцлээ

Шинэчилсэн Үндсэн хуультай холбоотойгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд хуулийн төслийг аравхоёрдугаар сард багтаан Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ.

Уг хуулийн төслийн талаар УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал “Газрын баялгийн өгөөжийг зөв ашиглаж, зарцуулж чадсан улс орнууд бүгд баялгийн сангийн зарчмаар хөгжсөн байдаг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сангаар дамжуулан газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо болон хойч үедээ хүртээмжтэй, ард иргэддээ тэгш, шударгаар хуваарилна гэж заасан. Иймд Үндсэн хуулийн шаардлагаар газрын хэвлийн баялгийн өгөөжийг Баялгийн сангийн зарчмаар иргэддээ тэгш, шударга, хүртээмжтэй хуваарилах зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, хуулийн төслийн 3 дахь хэлэлцүүлгийг өнөөдөр хийж байна. Хуулийн төслийг арванхоёрдугаар сард багтаан Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна” гэлээ.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг MMJ-ийн арванхоёрдугаар сарын дугаараас уншина уу.

Р.Ренчин

Сэтгэгдэл (1)