Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний 11 сарын байдлаар 15 тэрбум ам.долларт хүрч 27.9%-иар өссөн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дунд экспорт 8.83 тэрбум ам.доллар, импорт 6.2 тэрбум ам.долларыг эзэллээ. Тодруулбал экспортын үзүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28.8%, импорт 26.6%-иар тус тус өссөн дүнтэй гарсан байна.
Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, улсын нийт экспортын 86 орчим хувийг зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр, алт, нефтийн худалдаа бүрдүүлж байна.
Эрдсийн экспортод зэсийн баяжмал орлогын дүнгээр тэргүүлсэн хэвээр байна. Тодруулбал оны эхний 11 сард зэсийн баяжмалын экспорт жингийн үзүүлэлтээр өмнөх оны мөн үеийнхтэй ижил түвшинд байгаа ч орлого 2.8 тэрбум ам.долларт хүрч 85.5%-иар дээшилжээ. Тунгаасан зэсийн экспортын орлого 83.3 сая ам.доллартай тэнцэж 141.3%-иар нэмэгдсэнээр хамгийн өсөлттэй түүхий эдээр нэрлэгдэж байна.
Нүүрсний экспорт оны эхний 11 сарын байдлаар 15.2 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 43.8%-иар буурсан боловч орлогын дүнгээр 2.6 тэрбум ам.доллартай дүйсэн нь мэдэгдэхүйц өсөлттэй байна. Ийнхүү нүүрсний экспортын орлого нэмэгдэх болсон нь зах зээл дэх үнийн өсөлттэй холбоотой. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн арваннэгдүгээр сард манай улс 1.71 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн боллоо.
Эх сурвалж: ГЕГ
Экспортын орлогын дүнгээр гуравдугаарт төмрийн хүдэр бичигдэж байна. Төмрийн хүдрийн экспорт мөн хугацаанд жингийн үзүүлэлтээр 6.9%-иар буурсан ч орлогын дүн 62.3%-иар өсч 951 сая ам.долларт хүрлээ.
Алтны тухайд манай улс оны эхний 11 сард 15.9 тонн үнэт металыг 925 сая орчим ам.доллараар экспортолжээ. Сарын дүнгээр авч үзвэл зөвхөн өнгөрсөн арваннэгдүгээр сард гэхэд манай улс 5.1 тонн орчим алтыг 300 сая орчим ам.доллараар худалдаалжээ. Гэсэн ч алтны экспорт энэ онд өнгөрсөн оныхоос 40 гаруй хувиар бууралттай байна.
Бусад эрдсийн тухайд, цайрын баяжмал, жонш, молибденийн баяжмал, хар тугалгын худалдааны үзүүлэлт орлогын дүнгээр бүгд өсөлттэй гарлаа.
Эх сурвалж: ГЕГ
Б. Төгс