Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятадын нүүрсний импорт 35.05 сая тоннд хүрч 30%-иар өсөв

Хятадын нүүрсний нийт импорт өнгөрсөн арваннэгдүгээр сард 35.05 сая тоннд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Нүүрсний импортын үзүүлэлт өмнөх оны мөн үед 11.67 сая тонн байсантай харьцуулахад гурав дахин, өнгөрсөн аравдугаар сард 26.94 сая тонн байсантай харьцуулахад 30.1%-иар тус тус өссөн байна. Ингэснээр Хятадын нүүрсний импорт он гарсаар хамгийн өндөр үзүүлэлтэд хүрлээ.

Айсуй өвлийн улиралд нүүрсний нөөцийг хангалттай хэмжээнд базаах бодлоготой холбоотойгоор импорт нэмэгдсэн байна. Арваннэгдүгээр сард станцуудын нүүрсний нөөц ч дээд хэмжээнд хүрчээ.   

Аравдугаар сарын сүүлээр тус улсын Засгийн газар томоохон уурхайнуудыг борлуулалтын үнээ 50%-иар бууруулахыг тулгасны сацуу олборлолтын хэмжээгээ нэмэгдүүлэхийг үүрэг болгосон. Ингэснээр нэг тонн нь 2000 юаньд хүрээд байсан эрчим хүчний нүүрсний үнэ тал хувиар буурч 1000 юань/тонн-ын түвшнээс доош хэмжээнд очсон. Тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо ирэх онд эрчим хүчний нүүрсний үнийг 550-850 юань/тонн-д (86-133 ам.доллар) барихаар төлөвлөж, дотоодын уурхай, цахилгаан станцуудын төлөөлөлд танилцуулсан байна. Өөрөөр хэлбэл ирэх онд эрчим хүчний нүүрсний дундаж үнэ 700 юань/тонн-д хэлбэлзэхээр байгаа нь уурхайн компаниудад харьцангуй боломжит ханш болохыг шинжээчид тайлбарлалаа.

Оны эхний 11 сарын байдлаар тус улс нийт 292.32 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.6%-иар өссөн байна.

Б. Төгс

 

 

Сэтгэгдэл (1)