Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

“Туркойз Хилл Ресурс”-ийн хувьцааны үнэлгээ 13.7%-иар өсөв

"Рио Тинто" компаниас Засгийн газарт Оюутолгой төслийн хэлэлцээрийн хүрээнд тодорхой саналуудаа тавьсны дараа Торонто, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр "Туркойз Хилл Ресурс"-ийн хувьцаа 13-14%-иар өсөөд (2021.12.13) байна. Өөрөөр хэлбэл уг мэдээлэл нь зах зээлд эерэг дохио өгч байна гэсэн үг.

Ингэснээр Туркойз Хилл-ийн хувьцааны ханш Торонтогийн бирж дээр өнгөрсөн зургадугаар сарын 2-ноос хойших хамгийн дээд хэмжээндээ хүрч (21.98 кан.доллар) өслөө.

"Рио Тинто" компанийн зүгээс өчигдөр саналаа Засгийн газарт мэдэгдэж, үүндээ Монголын талын 2.3 тэрбум долларын өрийг тэглэх (цаашид өр нэмэгдэхгүй), Дубайн гэрээг харилцан тохиролцох замаар цуцлах, өргөтгөл төслийн санхүүжилтэд аудит оруулах, төслийн нэмэлт санхүүжилтийг бүрэн хариуцах, эрчим хүч, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн.

Ингэхдээ "Рио Тинто" эдгээр шийдвэр нь хөрөнгө оруулагчаас Монгол улсад шилжүүлж буй томоохон үнэ цэн бөгөөд цаашдын хамтын ажиллагааны итгэлцлийн суурь болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн. Мөн компани УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжсэн гэж үзээд эдгээр алхам нь эцсийн санал болохыг онцолсон.

Хариуд нь Рио Тинто гүний уурхайг ашиглалтад оруулахад шаардлагатай суурь алхам болох огтлох малтлагыг хугацаа алдалгүй ирэх оны нэгдүгээр сард багтааж хийхийг хүсч буйгаа илэрхийлсэн. Мөн арбитрийн маргааныг зургаан сар түдгэлзүүлж, Ажлын хэсгийн хүрээнд зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа ажээ.

 

Б. Төгс