Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Перу улсын Las Bambas зэсийн уурхай олборлолтоо зогсооно

Дэлхийн зэс олборлолтоор хоёрдугаарт орох Перу улсын зэсийн томоохон уурхайн нэг Las Bambas ирэх бямба гаригаас эхлэн олборлолтоо зогсоох тухай MMG (2021.12.16) мэдээллээ. Тус уурхайн хувьд орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-ноос эхлэн тээвэрлэлтийн зам хаагдаж, бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжгүй болсон юм. Улмаар компани болон орон нутгийн иргэдийн дунд яриа хэлэлцээр өрнөсөн ч талууд зөвшилцөлд хүрээгүй хэвээр байгаа ажээ. Нутгийн иргэд тээвэрлэлтийг шороон замаар хийж буй нь хүрээлэн буй орчин болоод нийгмийн аж амьдрал, тариалан эрхлэлтэд сөргөөр нөлөөлж буй тул эдийн засгийн дэмжлэг үзүүлэхийг шаардаж байгаа юм. MMG эдийн засгийн зарим дэмжлэгийг санал болгосон ч нутгийн иргэдийн хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаа ажээ.

Өнгөрсөн хугацаанд уурхайн олборлолт хэвийн үргэлжилж байсан бол одоо харин үйлдвэрлэлийг зогсоохоос өөр аргагүй болсныг уурхай эрхлэгч компани ийнхүү мэдэгдлээ. Хятадын хөрөнгө оруулалттай MMG компани тус уурхайг 2016 онд ашиглалтад оруулснаас хойш иргэдийн эсэргүүцэлтэй олонтаа тулгарч, нийт 400 өдрийг алдсан байна. Тиймээс энэ удаагийн явдал нь шинэ зүйл биш юм. Перу улсын Ерөнхий сайд, хатагтай Мирта Васкес аливаа яриа хэлэлцээрт нэгдсэн шийдэлд хүрэхэд амаргүй ч гэлээ ийм байдал нь удаан үргэлжилж болохгүйг сануулсан байна. Харин компанийн зүгээс иймэрхүү хууль бусаар зам хаах үйлдлийг даруйхан таслан зогсоохыг эрх баригчдаас хүсч байгаа ажээ.

Las Bambas зэсийн уурхайн хувьд Перу улсын дөрөв дэх, дэлхийн ес дэх том уурхай бөгөөд дэлхийн зэсийн нийт нийлүүлэлтийн 2%-ийг дангаараа бүрдүүлдэг.

Гэхдээ зэсийн үнэ энэ долоо хоногт буурах шинжтэй болж ирлээ. Лхагва гаригийн байдлаар Лондоны металын бирж дээр зэсийн ханш тонн тутамдаа 9285 ам.доллартайгаар хаагдсан нь өнгөрсөн аравдугаар сарын 8-наас хойших хамгийн бага дүн боллоо. Ийнхүү зэсийн ханш буурах болсон нь АНУ-ын төв банкны уулзалтаас гарсан шийдвэртэй голлон холбоотой. Уг уулзалтаар Холбооны нөөцийн банк бонд худалдан авалтын хэмжээг бууруулах явцыг түргэтгэх, мөн инфляцийн өсөлтөөс үүдэн ирэх онд бодлогын хүүг гурван ч удаа нэмэгдүүлэх талаар тайлбарлажээ. Шинжээчдийн хувьд бодлогын хүүг Холбооны нөөц ирэх онд өсгөхийг таамаглаж байсан ч нэг л удаа нэмэгдүүлэх тухай төсөөлөл давамгайлж байв. Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар АНУ-ын хэрэглээний үнийн индекс буюу инфляцийн түвшин 6.8%-тай гарсан нь сүүлийн 39 жилийн дээд үзүүлэлт боллоо.  Мөн тус банк инфляцийн түвшнийг ирэх онд 2.6% байхаар тооцоолсон нь өмнөх есдүгээр сард дэвшүүлсэн таамаглалаа 0.4%-иар нэмэгдүүлжээ.

 

 

Б.Төгс