Монгол Улсын Засгийн газар “Цахим үндэстэн” болох томоохон зорилт дэвшүүлээд байгаа билээ. Энэ хүрээнд эрдэс баялгийн салбарт цахим шилжилт хийж, УУХҮЯ дотоод бүтэцдээ Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийг байгуулаад байгаа юм. Цахим шилжилттэй холбоотойгоор УУХҮЯ-наас аж ахуйн нэгжид олгодог тусгай зөвшөөрлийн бүртгэлийн системийг нэвтрүүлж, газрын тос, тэсэлгээ, хүнд үйлдвэрийн чиглэлийн тусгай зөвшөөрлийг цахимаар олгох бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
Тусгай зөвшөөрлийг цахимаар олгох ажлын явцын талаар УУХҮЯ-ны Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Т.Баасанпүрэвээс тодруулахад “Яамнаас газрын тос, тэсэлгээ, хүнд үйлдвэрийн 20 төрлийн тусгай зөвшөөрлийг олгодог. Эдгээр тусгай зөвшөөрлийн олголт, сунгалт, бүртгэлжүүлэлтийг цахимжуулахаар “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” ТӨҮГ-тай хамтран ажиллаж байна. Цахим систем нэвтрүүлснээр цахимаар хүсэлт илгээх, шийдвэрлэлтийн явц ил тод болж, шат дамжлага багасч, төрийн албан хаагчаас хамаарсан хүнд суртал багасна. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн сонгон шалгаруулалтын ажлыг 100% цахим болохоор журамлан Засгийн газраар батлуулахаар ажиллаж байна. Сонгон шалгаруулалтыг цахимжуулснаар систем нь оролцогчдыг автоматаар үнэлж албан тушаалтнаас хамаарах хамаарал багасна. Тусгай зөвшөөрлийн цахим системийг 2021 оны арванхоёрдугаар сард нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хайгуулын 921, ашигт малтмалын 1731 тусгай зөвшөөрөл олгогдоод байна. Эдгээр тусгай зөвшөөрөл нь нийт нутаг дэвсгэрийн 3.9% буюу 6.1 сая га талбайг хамарч байгаа билээ.
Р.Ренчин