Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятадын хоригт Австрали барьц алдахгүй байна

Нүүрсний зах зээлд манай гол өрсөлдөгч болдог Австралийн эрдэс бүтээгдэхүүний экспортын орлого 2021 онд 379 тэрбум австрали долларт хүрнэ гэж “Resources and Energy” сэтгүүлийн 2021 оны аванхоёрдугаар сарын дугаарт онцолжээ. Австралийн эрдэс бүтээгдэхүүний экспорт 2020 онд 310.0 тэрбум австрали долларт хүрсэн бол 2021 онд 379 тэрбум австрали долларт хүрч 20%-иар өсч дээд амжилт тогтоох төлөвтэй байгаа ажээ. Орлогын өсөлтөд шингэрүүлсэн байгалийн хий, нүүрсний экспорт гол жин дарна гэж үзэж байгаа юм. Түүнчлэн цэнэг хураагуур үйлдвэрлэхэд ашигладаг зэс, никель, литийн экспорт мөн өсөх төлөвтэй байгааг онцолж байна. Мөн улс орнууд байгаль орчинд ээлтэй дэд бүтцийн бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаатай холбоотойгоор эрдэс бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, дагаад экспорт өснө гэж тооцоолж байгаа ажээ.

“Дамжуулах хоолойд хэрэгжиж буй олон зуун шинэ төслүүд, тэр дундаа  шинээр нээгдсэн болон  өргөтгөсөн нүүрсний уурхайнууд нь олон мянган ажлын байр бий болгож австраличуудад ашиг тусаа өгөх юм” гэж Австралийн  Байгалийн нөөц, усны сайд Кейт Питт хэлэв.

Эрдэс баялгын нийлүүлэлтийн хомсдол нь Хятадын эрэлтийг нэмэгдүүлж, улмаар дэлхийн аж үйлдвэрлэл сэргэж байгаатай холбоотойгоор нүүрсний үнэ хэдэн сарын турш түүхэн дээд хэмжээндээ хүрсэн билээ. Хэдийгээр Хятадын зүгээс нүүрсний хоригтой байгаа ч Австралийн эрх баригчид улс төрийн оновчтой бодлогынхоо ачаар барьц алдахгүй байгаа. Наад захын жишээ дурдахад, өрнөдийн орнуудын стратегийн түнш байна гэдгээ батлан харуулсан тул ИХ-7-гийн орнууд бүхий л талаар Австралийн эдийн засгийг дэмжиж байна. Саяхан Их Британи-Австрали улсын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдсан нь үүний нотолгоо гэж ажиглагчид дүгнэж байгаа юм.

Австралийн нүүрсний экспорт 2020-2021 онд 23 тэрбум ам.доллар байсан бол 2021-2022 онд 50 тэрбум ам.долларт хүрч өсөх төлөвтэй байгааг шинжээчид онцолжээ. “Нүүрс бол чухал бүтээгдэхүүн. Австралийн өндөр чанартай нүүрс Ази даяар, тэр дундаа Энэтхэгт шинэ зах зээлийг олж байгаа бөгөөд Австралийн үйлдвэрлэгчид бүх төрлийн нүүрсний үнэд нөлөөлж чадаж байна” гэж  сайд Кейт Питт хэлсэн байна.

Автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашины зах зээлд өрсөлдөж байгаа тул литийн экспорт  нэмэгдэж 2022-2023 онд цайрыг гүйцэх төлөвтэй байна. Мөн 2020-2021 онд 1.1 тэрбум ам.доллар байсан бол 2022-2023 онд 4.2 тэрбум ам.доллар болж өсөх төлөвтэй байгаа ажээ. Австралийн уул уурхайн салбар нь Австралийн нийт экспортын талаас илүү хувийг бүрдүүлдэг бөгөөд 250 мянга орчим хүнийг ажлын байраар хангадаг юм байна.

Р.Ренчин