Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

“Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг маргааш хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2021.12.23/ олон асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд үүний нэг нь “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл байсан юм. Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тогтоолыг хэлэлцэх үеэр Ардчилсан намын бүлэг 5 хоногийн завсарлага хүссэн юм. Тус төсөл нь нэн яаралтай горимоор хэлэлцэх асуудал тул УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлэгт маргаашийг /2021.12.24/ хүртэл завсарлага өглөө.

АН-ын бүлгийн гишүүдийн хувьд “долоо хэмжиж нэг огтлохуйц том асуудал тул яаралтай горимоор хэлэлцэж болохгүй,  чамбай гэрээ хийж, ард түмэндээ тайлбарлах хэрэгтэй” гэж үзэж байгаа ажээ.

Өргөн баригдсан УИХ-ын тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газраас Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулахад дараах зохицуулалтыг тусгажээ.

Үүнд:

-Оюутолгой төслийн  Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34%-д ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100% тэглэх;

-2015 оны тавдугаар сарын 18-ны өдрийн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах;

-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах;

-Оюутолгой төслийн  гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100% хариуцаж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;

-Оюутолгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;

-Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх.

Энэхүү тогтоолын төсөл Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэн батлагдсанаар Монгол Улсын Их Хурлын 2019 оны “Оюутолгой ордны ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолд нийцүүлж, Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах нөхцөл бүрдэж, Монгол Улсын төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх боломжтой болох юм.
 

Р.Ренчин