"Рио Тинто" компани Серби дэх литийн Jadar төслөө түдгэлзүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдээлсэн байна. 2.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий тус уурхайн төсөл нь Сербийн Jadar голын сав газарт орших Лозница хотын ойролцоо нутагт хэрэгжинэ. Гэвч тус улсын иргэдийн төлөөлөл уг төслийг хэрэгжүүлэхийг эсэргүүцэж байгаа юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээс эхлэн тус улсын нийслэл Белград хот болон бусад хэд хэдэн хотуудад амралтын өдрүүдэд төв замуудыг хаах байдлаар иргэд эсэргүүцлээ илэрхийлэх болсон байна. Олон мянган иргэдийг хамруулсан эсэргүүцлийн хөдөлгөөн нь хүчээ авч компани болон эрх баригчдыг шийдвэрээ эргэн харахад хүргэсэн гэж хэлж болно. Гагцхүү "Рио Тинто"-ийн Jadar литийн төслөөс гадна Хятадын "Zijin Mining" компанийн Cukaru Peki зэс, алтны төслийг эсэргүүцэж жагсаж байгаа нь уул уурхайн төсөл хэрэгжүүлэхэд улам бүр хэцүү болсныг харуулж буйг шинжээчид тайлбарлаж байна.
Тус улсад Jadar төслийг хэрэгжүүлэхийг эсэргүүцсэн жагсаал энэ онд нэлээд хүчээ авсан байна. Эсэргүүцэж буй гол шалтгаан нь уг төслийг хэрэгжүүлснээр байгаль экологийн доройтол учрахаас гадна Хүрэл зэвсгийн үед хамаарах дурсгалт газрууд сүйднэ гэж үзэж байна.
Jadar төслийн хувьд ашиглалтад орвол Европын хамгийн том литийн төсөл болох юм. Гэхдээ уг төслийн хувьд Сербийн хөдөө аж ахуйн гол бүс нутагт оршдог нь хамгийн хүнд асуудал болж байна.
Сербийн Засгийн газар байгалийн баялаг олборлогчдод давуу тал олгох өмчийн эрх цуцлахтай холбоотой хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг батлах гэж буйг эсэргүүцэж ийн жагсах болжээ. Өмчлөх эрхийг цуцлахтай холбоотой хуульд өөрчлөлт оруулах төслийг тус улсын парламент өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд баталжээ. Уг хууль нь 1995 онд анх батлагдсан бөгөөд 2009 оноос хойш томоохон өөрчлөлт ороогүй ажээ. Хуулийн төслийг парламент баталмагц тус улсын Ерөнхийлөгчийг албажуулж гарын үсэг зурахгүй байхыг олон нийт шаардаж жагсаж эхэлсэн. Хэрэв уг хууль батлагдаад хэрэгжиж эхэлбэл "Рио Тинто"-ийн хувьд Jadar төслөө саадгүй хэрэгжүүлэх боломж бүрдэх тухай олон нийт шүүмжилж байсан бол эрх баригчдын хувьд уг хууль ийм зорилго агуулаагүй гэж хариу тайлбарласан. Одоогийн байдлаар тус улсын Ерөнхийлөгч Александр Вучич өөрийн бүрэн эрхийн дагуу хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг парламентад дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
Нөгөөтэйгүүр Лозница хотын захиргаа ч Jadar төсөлд газар олгох заалт бүхий орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөг батлахгүй гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн байна. Үүнтэй зэрэгцэн "Рио Тинто" компанийн тухайд ч төслийн хөгжүүлэлтийг зогсоох буюу түдгэлзүүлэх нь тодорхой болсон юм. "Рио Тинто"-д одоо орон нутгийн иргэдээс нийгмийн зөвшөөрөл авах ажил хамгийн тулгамдсан асуудал болж үлдлээ.
Хэрэв төсөлд зөвшөөрөл олговол 2022 оноос барилгын ажлыг эхлүүлж, дөрвөн жилийн хугацаанд бүтээн байгуулалт явагдах ажээ. Төсөл ашиглалт орсноор жилд 58 мянган тонн литийн карбонат, 160 мянган тонн борийн хүчил, 255 мянган тонн натрийн сульфат үйлдвэрлэх ажээ. Jadar төсөл хэрэгжвэл Серби улсын экспортын хоёр дахь томоохон эх үүсвэр болох тухай “Рио Тинто” мэдэгджээ. Уг төсөлд хамаарах ордыг 2004 онд “Рио Тинто” нээж байсан бөгөөд 1.81%-ийн литийн агуулга бүхий 16.6 сая тонн хүдрийн ашигтай нөөц тогтоожээ. Харин хүдрийн геологийн нөөц нь 139.2 сая тонн ажээ.
"Рио Тинто" нь Jadar төслийн хувьд амаргүй нөхцөлтэй тулгарсан ч Аргентинд Rincon литийн төслийг 825 сая ам.доллараар худалдаж авч буйгаа саяхан зарлаад байна. Дэлхийн цахилгаан машины эрэлт огцом нэмэгдэх төлөв тодорсон энэ үед зай хураагуурын гол түүхий эд болох литийн нийлүүлэлтийн хомсдол үүсэх магадлал өндөр байгаа юм.
Б. Төгс