Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Үхрийн махыг үнхэлцгэнд нь багтаасан 1 зорилт

Д.Нарантуяа

Сүүлийн хоёр /2016, 2020/ сонгууль дараалан сонгогчдын үнэмлэхүй олонхийн саналыг аван засаглаж буй МАН ээлжит ХХХ /албан ёсны мэдээлэл, сурталчилгааны постерууддаа 30 дахь гэж бичсэн нь хэл зүйн талаасаа буруу юм/ их хурлаа арванхоёрдугаар сарын 6-7-ны өдөр UB palace-т хийлээ. 100 жилийнхээ ойг энэ 2021 онд тэмдэглэж байгаа МАН социал демократ үзэл баримтлалыг баримтлахаа энэ их хурлаараа зарлаж, өнгөрсөн 100 жилийн түүх нь Монгол улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл байсан бол дараагийн 100 жилийн түүхээ Монгол улс эдийн засгийн тусгаар тогтнолоо олоход зориулна хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ. Л.Оюун-Эрдэнэ энэ оны эхээр буюу нэгдүгээр сарын 27-нд Ерөнхий сайдаар томилогдсон. Өмнөх Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан үүргээ Л.Оюун-Эрдэнэд шилжүүлсэн хэдий ч намын даргын албаа хүлээлгэн өгөөгүй байсан юм. МАН-ын дүрэмд “Ерөнхий сайд намын дарга байна” гэж заасан байдаг бөгөөд энэхүү дүрмийн дагуу Л.Оюун-Эрдэнийг их хурлын төлөөлөгчдийн 97%- ийн саналаар намын даргаар батламжиллаа.

Төр, хувийн хэвшил, хувь хүн гээд Монгол даяараа мөнгө, санхүү нь Хятадын Эрээн боомтоос хамааралтайгаа яс махандаа тултал ойлгосон онцгой цаг үед ийнхүү эдийн засгийн тусгаар тогтнол хэрэгтэйг тунхаглан зарлаж байгааг онцлон тэмдэглэе. 1990 оноос хойш 30 гаруй жил хөгжүүлсэн зах зээлийн эдийн засаг маань ганц боомт хаагдахад утгаа алдахыг харлаа. “Эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг бид энэ цаг үед бүр ч илүү мэдэрч байна” гэсэн Ерөнхий сайдын үг бол өнөөгийн бодит байдал. МАН-ын тунхаглаж буй Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх бодлого нь ”Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт” гэсэн зургаан зорилгод хураангуйлагдаж байгаа бөгөөд үүнийгээ “Шинэ сэргэлтийн бодлого” хэмээн нэрийдэж байна. Эрх баригч нам “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарлахын өмнөхөн Монголын ТОП-10 аж ахуйн нэгж “Эдийн засгийн их сэргэлтийн тунхаг бичиг”-ийг гаргаж байгаагаа мөн зарласан. ТОП-10 аж ахуйн нэгж “Их сэргэлт”-ийн санаачилгын хүрээнд бизнесийн саадыг арилгах, экспортыг нэмэгдүүлэх, мега төслүүдээ хөдөлгөх, эрх зүйн орчны шинэтгэлийн хүрээнд Шинэ сэргэлтийн тухай хуулийг батлах нь ойрын үед хийх ёстой ажил гэж үзсэн бөгөөд эдгээрийг хийж чадвал Монголын эдийн засаг богино хугацаанд сэргэж чадна хэмээн үзсэн. Ийнхүү СЭРГЭЛТ гэдэг үг төрийн ч, хувийн хэвшлийн ч үйл ажиллагааны ойрын хугацааны хандлага, үйл хөдлөлийг илэрхийлэх нь. “Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхдээ энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримталж, мөнхийн хоёр хөрш болон гуравдагч хөрш орнууд, олон улсын хөгжлийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай нягт түншлэн ажиллах болно, Монгол Улс гадаад харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн зарчимдаа “Монголын андгай за буй заа” хэмээх язгуурын зарчмыг хатуу баримтална” гэсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үг Монгол төрийн гадаадын хөрөнгө оруулагчдад илгээх гол мессэж боллоо.

Эдийн засгийн тусгаар тогтнолыг авчрах 6 зорилт

Шинэ сэргэлтийг дараах зургаан зорилтоор хангах ажээ. Үүнд,

  • НЭГ. Боомтын сэргэлт
  • ХОЁР. Эрчим хүчний сэргэлт
  • ГУРАВ. Аж үйлдвэрийн сэргэлт
  • ДӨРӨВ. Хот, хөдөөгийн сэргэлт
  •  ТАВ. Ногоон хөгжлийн сэргэлт
  • ЗУРГАА. Төрийн бүтээмжийн сэргэлт

Эдгээр зургаан зорилт нь УИХ-ын 2020 онд баталсан Монгол Улсыг хөгжүүлэх “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын гуравны нэг буюу 2031 он хүртэлх хөгжлийн үндсэн чиглэл байх ажээ. Гэвч энэхүү зургаан зорилтын хүрээнд тунхаглаж байгаа төсөл, бүтээн байгуулалтыг харахад шинэ зүйл байхгүй, сүүлийн 10 гаруй жил хийнэ гэж ярьж ирсэн зүйлүүд. Зөвхөн цаг хугацааны хувьд эрэмбэлсэн гэж ойлгож болно. Тухайлбал, “Боомтын сэргэлт” хэмээх нэгдүгээр зорилт. Далайд гарцгүй, хоёрхон хөрштэй, хоёр хөршийнхээ нэгтэй нь худалдаа, эдийн засгийн хэтийдсэн харилцаатай, нөгөөтэй бараг харилцаагүй шахам байгаа Монголын хувьд тээвэр, ложистикийн хөгжлийг цогцоор нь, зохион байгуулалттай хөгжүүлэх шаардлага байгааг, олон улсын статус бүхий боомтуудын тоог нэмэх шаардлагатайг олон жил ярьж байна. Ярьсаар байхад л экспорт, импортын бараг 90% нь өнөөг хүртэл Эрээн боомтоос хамааралтай байна. Харин одоо бол энэ хамаарлыг бууруулахгүй бол улсаараа гар мухар болно гэдгээ бүгд ойлгосон. Импортын барааны хомсдлоос илүүтэй үндэсний үйлдвэрүүд нь хагас үндэсний үйлдвэрүүд байсан гашуун үнэнийг мэдэрлээ. Дотооддоо үйлдвэрлэж байгаа бараг бүх бүтээгдэхүүн орц, найрлагад орж буй түүхий эд, сав баглаа, боодол бүгд Эрээн боомтоос тээвэрлэгдэн орж ирдэг ажээ. Гэтэл Монгол Улс хуурай замын 42, агаарын замын 4 боомттой. ОХУтай 29, БНХАУ-тай 13 боомтоор хиллэдэг. Өнөөдрийн байдлаар авто замаар 7, төмөр замаар 3, агаарын замаар 1 боомт холбогдож, үйл ажиллагаагаа явуулж байна. Боомтын хүчин чадлаар Монгол Улс дэлхийн 160 улсаас 130-д эрэмбэлэгдэж байгаа ажээ. “Эдийн засгийн зүрх судасны цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүсэж цус харвалтын байдалд орсон боомтын боймыг тайлахгүйгээр хөгжилд үсрэх байтугай мөлхөх ч боломжгүй юм” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Нэгдүгээр зорилтын хүрээнд 2031 он гэхэд Гашуунсухайт, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтууд руу төмөр зам татсан / ингэснээр үндэсний төмөр замын нийт сүлжээний урт 5600 орчим километр болно/, Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтуудыг авто замаар холбосон, Алтанбулаг-Замын-Үүд боомтыг холбосон 987 километр хурдны замтай байх ажээ. 2016 онд Тажикистаны нийслэл Душанбе хотод болсон Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтаар гурван улсын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрт нийтдээ 32 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр гурван тал тохиролцсоны дотор тээврийн дэд бүтцийн чиглэлээр 13, хилийн боомтыг шинэчлэх чиглэлээр 1 төсөл хөтөлбөр багтсан. Даяаршил хумигдаж, бүс нутгийн эдийн хамтын ажиллагаа өргөжих чиг хандлагатай үед хоёр хөрш оронтойгоо Эдийн засгийн коридор байгуулахаар тохиролцож чадсан нь Монголын хувьд эдийн засгийн болон дипломатын харилцааны том дэвшил байсан юм. Гэсэн ч өнөөг хүртэл энэ хөтөлбөр бодит үр дүнгээ өгөөгүй байна. Ялангуяа тээвэр ложистикийн төсөл, хөтөлбөрүүд цаасан дээр л үлджээ. Тагнуулын Ерөнхий газраас Гурван улсын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийсэн байдаг. 2019 оны гүйцэтгэлээр гаргасан энэ дүн шинжилгээнээс эш татвал “Ложистикийн гүйцэтгэлийн индекс: Эдийн засгийн коридорын хөтөлбөрт дэд бүтцийн чиглэлээр хамгийн олон буюу 13 төсөл байдаг. Энэ 13 төсөл дотроос 3 төслийн хэрэгжилт хангалтгүй, бусад 10 нь тодорхой хэмжээнд ахицтай урагшилж буй. Гэвч Дэлхийн банкнаас гаргадаг Ложистикийн гүйцэтгэлийн индексээр (LPI) Монгол Улс 2018 онд нийт 163 орноос 133-т орсон, энэ нь өмнөх 2016 оны 108 дугаар байрнаас ухарсан үзүүлэлт юм. Ингэж ухарсан нь Эдийн засгийн коридорын дэд бүтцийн төслүүд хэрэгжиж эхэлсэн боловч ашиглалтад орж үр дүнгээ өгөх цаг хараахан болоогүйтэй холбоотой” хэмээн дүгнэжээ.

2016 онд тохиролцсон хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах гурван талын шинжээчдийн Гуравдугаар уулзалтаар 32 төсөл хөтөлбөрөөс нэн тэргүүнд хэрэгжүүлэх 3 төслийг тохиролцсон ч мөн өнөөг хүртэл бодит болгох алхам хийгдээгүй байна. Эдгээр нь Төмөр замын төв коридор (Улаан-ҮүдНаушки-Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд-ЭрээнУлаанцав-Жанчхүү-Бээжин-Тяньжин)-ыг шинэчлэн хөгжүүлэх, хос зам барих, цахилгаанжуулах эдийн засгийн үндэслэлийг судлах; Азийн авто замын сүлжээний АН-3 (Улаан-Үүд-Хиагт/АлтанбулагДархан- Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд/ЭрээнБээжингийн гаднах тойрог-Тяньжин) чиглэлийг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах, тус чиглэлд хурдны авто зам барих эдийн засгийн үндэслэлийг судлах; Монгол, Оросын цахилгаан эрчим хүчний сүлжээг шинэчлэхэд Хятадын аж ахуйн нэгжүүд оролцох боломжийг судлах гэсэн гурван төсөл юм. “Эрчим хүчний сэргэлт” хэмээх хоёрдугаар зорилтод тусгагдсан зүйлүүд ч мөн тээвэр, ложистикийн хөтөлбөрүүдтэй адил олон жил яригдаж байгаа зүйлс. Монгол Улс 1986 онд Дулааны 4-р цахилгаан станцыг ашиглалтад оруулснаас хойш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэр бариагүй. Сүүлийн жилүүдэд дунджаар эрчим хүч хэрэглэгчийн тоо 7-8 хувь, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 6-7 хувиар тогтвортой өсч байгааг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх 2021 оны дөрөвдүгээр сард УИХ-д тайлагнасан байна. Улам бүр өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах, импортоор авч байгаа эрчим хүчийг бууруулах, шинэ эх үүсвэр байгуулах, суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах зорилтоос гадна цөмийн болон устөрөгчийн эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулах төрийн бодлого боловсруулна гэсэн нь дэвшилтэт сонсогдож байна. 2031 он гэхэд Дулааны 3-р цахилгаан станцын өргөтгөлийг хийсэн, Тавантолгой, Багануур, Чойбалсангийн Дулааны цахилгаан станц, Амгалан цахилгаан станц ажиллаж байх ажээ. Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан төсөл хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгоход 100-120 орчим их наяд төгрөг буюу 40 орчим тэрбум ам.доллар шаардагдах юм. Энэ бодлого хэрэгжсэнээр 2031 он гэхэд ДНБ-ий хэмжээ 2 дахин тэлэх юм.

2031 он гэхэд Монголын эдийн засаг ямар болсон байх вэ?

 Шинэ сэргэлтийн бодлого бүрэн хэрэгжвэл 2031 он гэхэд Монгол Улсын эдийн засаг ийм болно. -Гашуунсухайт, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтууд руу төмөр зам татсан,

-Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтуудыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадвар эрс сайжирсан,

-Алтанбулаг, Замын-Үүд боомтыг холбосон 987 километр хурдны замтай,

-Боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг эрс сайжирч, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс болон шинэ хотуудтай,

-Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал нь Ази, Европыг холбосон агаарын тээврийн дамжин өнгөрүүлэх төв болсон,

-Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулсан,

-Цөмийн болон устөрөгчийн эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулах төрийн бодлогыг тодорхойлсон,

-Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсон,

-Эгийн голын УЦС-ыг барьж эхлэх дөхсөн,

-Дулааны 3-р цахилгаан станцын өргөтгөл хийгдсэн, Тавантолгой, Багануур, Чойбалсангийн Дулааны цахилгаан станц, Амгалан цахилгаан станцууд ашиглалтад орсон,

-Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр, Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэр тус тус ашиглалтад орсон,

-Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр болон татан авах дэд төвүүд байгуулагдсан,

-Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон,

-Нийслэл Улаанбаатар хоттой дүйцэх хэмжээний шинэ суурьшлын бүсийг эртний нийслэл Хархорум хотыг түшиглэн байгуулсан,

-Хөшигтийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулсан,

-Улаанбаатар хотын нийтийн тээврийг бүрэн шинэчилж, тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг 3 чиглэлд 41 километр зайд барьсан,

-Богдхан уулыг тойрсон 136 километр төмөр замтай,

-Нийслэл Улаанбаатар хотын Толгойт, Баянхошуу, Сэлбэ, Дарь-Эх зэрэг дэд төвүүдийг холбосон 72 километр Их тойруу хурдны зам баригдсан,

-Нэг тэрбум модтой байх юм.

Үхрийн махыг үнхэлцгэнд багтаасан ганц зорилт

Цаасан дээр төлөвлөх, төлөвлөснөө ёс төртэй зарлах шиг амархан зүйл үгүй. Монголын эрх баригчдын өнгөрсөн 30 жилд амалсан төсөл, бүтээн байгуулалтыг жагсаавал аль хэдийнэ хэдэн боть ном болохоор болсон. Эдгээр мөрөөдлийн жагсаалт өнөөг болтол ажил хэрэг болоогүй шалтгааныг хөрөнгө санхүү дутагдалтай гэхээсээ илүүтэй төрийн бодлогын залгамж халаа, төрийн албаны хариуцлага, төрийн албаны мэдлэг, төрийн албаны чадвар, төрийн албаны ёс зүйгээс хайх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл төрийн алба төмөр мэт хариуцлагатай, сахилгатай байсан бол мөрөөдлийн жагсаалт аль хэдийнэ “Монголын андгай за буй заа” болох байсан юм. МАН-ын Шинэ сэргэлтийн бодлогын эхний 5 зорилтыг бүхэлд багтааж чадах зорилт бол зургаа дахь “Төрийн бүтээмжийн сэргэлт” зорилт юм. Энэ зорилт бол үхрийн махыг багтаасан үнхэлцэг гэж хэлж болно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч үүнийг хүлээн зөвшөөрчээ. “Хөгжлийг хязгаарлагч хамгийн том хүчин зүйл нь Төр өөрөө болсон байна. Төр иргэд, аж ахуйн нэгжийн боломжийг хязгаарлагч, боомилогч биш харин дэмжигч, урамшуулагч байх учиртай. Бидэнд мөнгө шаардахгүй ч, бүтээмжээ сайжруулах олон боломж бий. Ийм л байх ёстой гээд дасчихсан асуудал, хэвшсэн сэтгэлгээ ч цөөнгүй байна” хэмээжээ. Хөгжлийг боомилж байгаа төрийн ажлыг сайжруулж бүтээмжтэй болгохын тулд хувийн хэвшлийн бизнесийн ажиллагаанд саад болж байгаа бүхий л авлига, хүнд сурталтай шийдэмгий тэмцэж, төлөвлөлт, тооцоолол муутай зохион байгуулалтыг халж, тендерийн маргааныг ил тод шийдвэрлэхээ амаллаа. “2024 он гэхэд төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50-иас доошгүй хувиар бууруулна, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг 2022 оны төсвийн жилээс эхлүүлнэ, төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцэлж, төлөвлөгөөт шалгалтыг эрс багасгана, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна, авлигатай хийх тэмцлийг улам эрчимжүүлнэ, авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгана, төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина, хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулна” хэмээн амаллаа.