Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Н.Удаанжаргал: ТЗ-ын огтлолцлын цэгийг тохирлоо

Далайд гарцгүй орны хувьд эрдэс баялгаа экспортлоход дэд бүтцийн хамгийн чухал стратегийн боломж нь төмөр замын тээвэр. Засгийн газрын хуралдаанаар /2021.11.17/ Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын огтлолцлын цэгийг тохирсон юм. Удтал хүлээлгэсэн уг тохиролцоо болон төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргалтай MMJ-ийн сэтгүүлч Р.Ренчиндулам ярилцлаа.

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын огтлолцлын цэгийг тодорхой болгосныг Засгийн газар зарласан. Огтлолцлын цэгийг чухам хаана байлгахаар тохирсон бэ?

Энэ их урт түүхтэй болохоор эхлээд бага зэрэг түүх ярья. Монгол Улс урд хөрштэйгөө төмөр замаар нэвтэрдэг ганцхан боомттой. Энэ боомт буюу ЗамынҮүдийн тухайд ярихад 1952 онд хэлэлцээр хийгдэж, 1955 онд төмөр замаа барьж дуусгаад 1956 оноос галт тэрэг явж эхэлсэн байдаг. Ингээд өргөн царигийг урд хөрш рүү гаргаж, Жинин хотод ачаагаа буулгадаг байсан. Үүнээс 37 жилийн дараа, 1994 онд нарийн царигийн паркийг Монголд байгуулж, төмөр замын логистикийн төв үүссэн. БНХАУ-аас ирсэн ачааны галт тэргийг Замын-Үүдэд хүлээн авч, шилжүүлэн ачдаг болсон.

Огтлолцлын цэгийг тохирох гэж урт хугацаа зарцуулсныг хүмүүс өргөн, нарийн царигаас боллоо гэж андуурдаг. Тийм биш. Төмөр замаар хил нэвтрэх технологи нь дипломат шугамаар тохиролцдог ажил. Энэ утгаараа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам нь Монгол Улсын төмөр замаар хил нэвтэрч буй хоёр дахь түүхэн үйл явдал. Хятадын тал Ганцмод, Гашуунсухайтын төмөр замын огтлолцлын цэгийг тогтоох бодлогоо маш эрт тодорхой болгосон байдаг. Энэ хүрээнд “Шинхуа” буюу “Чайна-Энержи” компанийн төлөөлөгчийн газрыг Монголд 20 жилийн өмнө, 2001 онд байгуулсан. Ингээд Гашуунсухайт боомтоор төмөр замаар нэвтрэх, нүүрс худалдан авах асуудлыг уг төлөөлөгчийн газраараа дамжуулан манай талд тавьсан байдаг. Үүнээс хойш 2014 онд хоёр улсын Ерөнхийлөгч энэ талаар хэлэлцэж, Засгийн газрын хуралдаан ч олон удаа болж, хоёр тал огтлолцлын цэгийн саналаа хэлэлцсээр байсан. Сүүлийн 7-8 жилд огтлолцлын цэгийг тогтоох асуудал эрчимжсэн. Олон удаагийн хэлэлцээрийн үр дүнд төмөр замын хил огтлолын цэгийг тохирч чадсан. БНХАУ-ын тал хоёр талын төмөр замын хил дамнасан байгууламжийг өөр өөрсдийн нутаг дэвсгэр дээр барих шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл, 2016 онд Өвөр Монголын төв төмөр замын магистралаас нааш 120 км орчим төмөр зам татаж, Ганцмод боомтод хилийн төмөр замын өртөөг байгуулсан. Харин манай тал Тавантолгой ордоос Гашуунсухайт боомт хүртэл төмөр зам барих, хилийн өртөө барих шаардлага үүссэн. Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 240 км, 6 зөрлөг, хоёр өртөөтэй, дэлгэмэл уртаараа 313 км төмөр замыг бид барьж байгаа. Ирэх онд энэ ажил дуусна. Одоогоор хоёр боомтын өртөөг холбосон 7-10 км төмөр зам барина. Ирэх оны долдугаар сард төмөр замын өртөөний бүтээн байгуулалт дуусна. Гашуунсухайт-Ганцмод өртөөг холбох цэгийг огтлолцлын цэг гээд байгаа юм.

Огтлолцлын цэгт өртөө байгуулахад хэдэн төгрөг зарцуулах вэ. Мөн энэ хөрөнгийг хаанаас гаргаж байгаа вэ?

Монгол Улсын Засгийн газар, “Шинхуа” групп, “Энержи ресурс” компани болон том, жижиг “Тавантолгой” компани, өөрөөр хэлбэл, нүүрс олборлогч гурван аж ахуйн нэгж, хүлээн авагч тал нэгдээд “Гашуунсухайт төмөр зам” компанийг байгуулж, ТЭЗҮ-ээ гаргасан байдаг. Уг ТЭЗҮ-г Зам, тээврийн хөгжлийн яам ч зөвшөөрсөн байдаг. Бид энэ ТЭЗҮ-г шууд ашиглах боломжтой.

Уг төмөр замын нарийн болон өргөн царигийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

Цариг өөр байхаас шалтгаалаад асуудал үүссэн, бүтээн байгуулалт удааширсан зүйл байгаагүй гэдгийг дахин хэлье. Хоёр талын цариг өөр хэрнээ Замын-Үүдэд төмөр замаар тээвэрлэлт хийж байна. Товчхондоо, Замын-Үүдтэй адил байдлаар тохирох юм. Технологийн хувьд зөрүүтэй зүйл байхгүй.

Нүүрс болон бусад ачааг шилжүүлэн ачиж, буулгах процессыг хэрхэн зохион байгуулах нь одоогоор тодорхойгүй байгаа гэж ойлгож болох уу?

Өргөн царигийг Хятад руу гаргаад, тэнд нь Хятадын тал паркаа барьчихвал хоёр талд хоёуланд нь ашигтай хувилбар бий болж байгаа юм. Байгууламж баригдсаны дараа ч тухайн жилийн ачааны хэмжээ зэрэг нарийн асуудлыг “Тавантолгой төмөр зам” ХХК, Өвөр Монголын төмөр замтай тохиролцоод Замын-Үүдийн жишгээр явах болно. Эхний ээлжинд Хятадын талаас жилд 20 саяас доошгүй тонн нүүрсийг уг төмөр замаар авахаа илэрхийлсэн. Хэлэлцээрийн бүх шатыг Засгийн газарт танилцуулж, гурван удаа хэлэлцээр хийж, амжилттай болсон.

Цаашид Ханги-Мандал, БичигтЗүүнхатавч, Шивээхүрэн-Сэхэ зэрэг боомтын төмөр замаар хил нэвтрэх технологи Ганцмод боомтынхтой ижил төстэй болох юм.

Огтлолцлын цэгт хил дамнасан байгууламж барихад хэдэн төгрөг шаардлагатай вэ. Уг байгууламжид урд хөршийн оролцоо байгаа юу?

Төмөр замын магистрал барихаас өөр зүйл тул хил дамнасан байгууламж барих асуудлыг хоёр тал ярилцана. Хоёр талын Засгийн газар эрх бүхий байгууллагадаа уг асуудлыг шилжүүлж, удирдамж өгсөн. Монголын тал “Тавантолгой төмөр зам” ХХК-д, Хятадын тал “Чайна Энержи”д дээрх ажлыг шилжүүлсэн. Засгийн газраас өгсөн удирдамжийн дагуу хэлэлцээр хийгээд явж байгаа.

Шилжүүлэн ачих байгууламжийг хаана барихаас шалтгаалаад хил дамнасан байгууламж баригдана. Сүүлд БНХАУ, ОХУ-ыг холбосон гол дээрх гүүрийг хос царигаар буюу аль аль талынх нь галт тэрэг орж болохоор барьсан. Нарийн царигийг Монголд оруулбал Монгол логистикийн төвтэй болно, өргөн царигийг цаад талдаа байгуулчихвал Хятадад логистикийн бизнес бий болно гэсэн үг. Аль аль нь уг паркийг өөрийн нутагт оруулах сонирхолтой байгаа. Хэрэв царигийг өөрийн талд хийвэл бид өөрсдийн зардлаар хийхээс өөр аргагүй. Бид төмөр замаа Хятадын талд гаргаад өгчихвөл түүхий эдээ БНХАУ-ын талд шууд очоод буулгана гэсэн үг. Монголд нарийн царигийг оруулж ирвэл бидэнд ажил бий болно. Бас Монголын хил дээр нүүрсний бирж бий болж, түүнийг дагасан логистикийн төв бий болно. Мөн энэ чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор хойд хөршөөс буюу Алтанбулаг боомтоос дамжин өнгөрөх ачааг Зүүнбаянгаар дамжуулаад Гашуунсухайтаар гаргах боломжтой болно. Ямар ачааг, ямар журмаар гаргахыг хоёр тал тохирох учиртай. Шилжүүлэн ачих байгууламж хаана баригдахаас шалтгаалаад аль нэг тал нь илүү хөрөнгө гаргах байх. Манай зүгээс хөрөнгө оруулалтыг заавал БНХАУаас гаргуулах гээд байх шаардлагагүй. Хил дамнасан байгууламж барихад том асуудал үүсээд байхгүй л дээ. Монголын нутаг дэвсгэр дээр баригдах зүйлээ бид өөрсдийн хөрөнгөөр барих бүрэн боломжтой.

Хил дамнасан байгууламж барихад хэдэн төгрөг шаардлагатайг одоогоор тодорхой хэлэх боломжгүй юм байна. Гэхдээ Монголын талд баригдаж байгаа ч юм уу, ямар нэгэн байдлаар Монголын талаас зардлыг гаргахаар бол, тухайн мөнгийг хаанаас гаргах вэ?

Одоогоор шууд хэлэх боломжгүй. Учир нь, Монгол талын гүүрэн дээр нэг, Хятад тал руу орсон дээр бас нэг өөр дүн гарна. Нүүрс ачих байгууламж хаана байхаас шалтгаалаад энэ дүн нааш цааш хөдөлж байгаа. Үүний ТЭЗҮ-г “Шинхуа” гүйцэтгэсэн. Товчхондоо шилжүүлэн ачих байгууламжийг аль талдаа барихаас шалтгаалаад хэр хэмжээний хөрөнгө оруулалтыг хаанаас гаргах нь тодорхой болох юм. Тиймээс мөнгөн дүнг одоо хэлэхэд эрт байна. Хоёр тал эдгээр асуудлыг тодорхой болгосны дараа мэдээлэл өгөх нь зөв байх.

Төмөр замаар тээвэрлэснээр тээвэрлэлтийн өртгийг багасгаад тээвэрлэлтээс олж байгаа нэмүү өртөг шингэсэн орлогыг уурхайдаа өгөх юм. Нүүрсийг уурхайн амны үнээр бус хилийн үнээр өгөөд одоогийн олж байгаа орлогоос 1.5 дахин их орлого олох боломжтой. Зөвхөн Гашуунсухайтаар зарж байгаа нүүрснээс хөрөнгө оруулагч “Эрдэнэс Тавантолгой” компани 2-2.5 жилийн дотор зардлаа буцаагаад олох боломжтой. Төмөр замын тээвэрлэлтийн өртгөөрөө бол 17 жилийн дараа зардлаа нөхнө. Тэр болтол бид ашиггүй бус, ашигтай ажиллана. Цаашид баталгаат өртгөөр улс 83 жил үнэ, ашгийг 100 хувь хүртэж ажиллана.

Төмөр зам хэзээ бүрэн ашиглалтад орж, нүүрс тээвэрлэж эхлэх вэ?

Төмөр зам 2022 оны долдугаар сард ашиглалтад орж, туршилтын тээвэрлэлтийг эхлүүлнэ.

Төмөр зам барьж байгуулах ажилд ямар асуудал тулгамдаж, бэрхшээл үүсч байна вэ?

Шороон шуурга, элсний нүүдэл, үер ус, өвлийн цаг агаар, КОВИД-19 гэсэн бэрхшээлүүд байсан ч бид энэ бүхнийг давж чадсан. Одоо хамгийн том бэрхшээл нь улс төр л болоод байна. Улстөрчид төмөр зам яриад ирэхээр л хүндрэл үүсээд байна. Тиймээс улстөрчид бага оролцвол бүтээн байгуулалт хэвийн явагдаж, төмөр замыг хугацаандаа дуусгана.