-Шинэчилсэн хөдөлмөрийн хууль шинэ зохицуулалт шаардаж байна-
Амьдралын суурь харилцааг зохицуулдаг томоохон хуулийн нэг нь Хөдөлмөрийн тухай хууль. Хөдөлмөр эрхэлж буй бүх хүнд хамаатай уг хууль 1999 онд батлагдсанаас хойш нийт 24 удаа нэмэлт өөрчлөлт оржээ. Таван Засгийн газар, гурван парламент дамнан хэлэлцэгдсэний эцэст энэ 2021 онд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ баталсан. Шинэчилсэн хуулийг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөх гэж байна. Хөдөлмөрийн шинэчилсэн хууль мөрдөгдөж эхэлснээр уул уурхайн компаниудад хоёрдмол байдал үүсэхээр байгаа тухай салбарынхан дуугарч эхэллээ. Нэг талаас уурхайчдад ажил, амьдралаа тэнцүүлэн ажиллах боломжийг бүрдүүлж байгаа боловч нөгөө талдаа уурхайчдын цалин буурах, компаниудад санхүүгийн ачаалал нэмэгдэх зэрэг сөрөг тал үүсэхээр байгаа юм. Шинэчлэгдсэн хуулийн дагуу 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс ажил олгогч болон ажилтан нь хамтын гэрээ буюу хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулах бөгөөд энэ үед цалин хөлс, ажиллах цаг зэрэг гол харилцаануудаа нарийн, нягт тохирохыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Уг хуультай холбоотойгоор талуудын байр суурийг сонслоо.
АЖИЛЧИД ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХДАА МАШ БОЛГООМЖТОЙ, НЯХУУР ХАНДАХ ХЭРЭГТЭЙ
МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат
-2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх Хөдөлмөрийн тухай хуулийн онцлог, давуу тал юу вэ?
-Хөдөлмөрийн тухай хууль нь 1999 онд батлагдаж, хамгийн сүүлд 2003 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Түүнээс хойш маш урт хугацаанд хэлэлцсэний эцэст шинэчилж чадсан. Энэ хууль нь Үйлдвэрчний эвлэл, ажил олгогч нар, Засгийн газар хамтарсан ажлын хэсэг байгуулж оролцсоноороо онцлог. Хоёрт, бусад орноос туршлага судалж, олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөмжийг дагасан, XXI зууны шаардлагад нийцсэн, хүний эрхийг дээдэлсэн хууль байлгахыг зорьсон. Нэг талаас нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, нөгөө талаас хөдөлмөрийн тэнцвэртэй харилцааг хангах нь чухал байсан. Энэ утгаараа Хөдөлмөрийн тухай хуульд нэлээд өөрчлөлт орсон. Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, эмэгтэйчүүдийн зарим байгууллагын саналыг сонсч, олон нийтээр хэлэлцүүлсэн. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг төгс хууль гэж хэлж чадахгүй.
-Яагаад?
-Ажилтны өнцгөөс, эсвэл ажил олгогчийн талаас харахад 100% байна гэж хэлж болохгүй болчихоод байгаа юм. Гэхдээ зарим зүйл дээр ахицтай хууль болсон.
-Шинэчилсэн хуулиар уул уурхайн салбарын ажилтнуудад ямар давуу тал, боломж гарч байгаа вэ?
-Уурхайчин ростероор буюу гэрээсээ хол урт хугацаагаар ажиллах нь олон сөрөг нөлөөтэй. 2010 онд “Петрочайна Дачин тамсаг” компанитай хөдөлмөрийн маргаан үүсгээд явах үед тухайн компанийн ажилчдын уртын ээлж 60 хоног байсан. Маргаан үүсгэсний үр дүнд ажиллах хоног 40, дараа нь 20 хоног болсон. Гэхдээ л ажилтан 20 хоногийг ажил дээрээ, хээрийн нөхцөлд өнгөрөөж байгаа юм. Ингэснээр эрүүл мэнд, ажил амралт, нөхөн сэргэлт, гэр бүлийн тогтвортой байдал алдагдсаар байгаа. Шинэ хуулиар уурхайчин 14-өөс илүүгүй хоногоор ажиллахаар тусгасан. Үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн зардал нэмэгдэж, цалин буурна гэх зэргээр тодорхой асуудлуудыг тавих болсон.
-Уртын ээлжийг 14 хоног болгохоор ажилчдын цалин 30% хүртэл буурна гэж салбарын аж ахуйн нэгжүүд үзэж байна. Цалингийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Одоо үйлчилж байгаа 21 хоногийг 14 болгочихоор 7 хоногийн цалинг хэн өгөх вэ гэж аж ахуйн нэгжүүд яриад байгаа юм.
Хээрээр ажиллах нь хүнд нөхцөл тул цалинг нь бууруулах асуудал байж болохгүй. Тиймээс 14 хоногийг 21 хоногийн цалинтай дүйцүүлж тооцох учиртай. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн суурь үнэлэмжийг хоногт шилжүүлэн тооцох буюу хөдөлмөрийн хоногийн үнэлэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж бид үзэж байгаа. Үүнийг хамтын гэрээ хэлэлцээрээр шийдвэрлэх хэрэгтэй. Энэ хуулийг аж ахуйн нэгжүүд бүгд буюу 100% эсэргүүцээгүй. Зарим нь ажилчдаа бодож, энэ хуулийг хүлээн зөвшөөрч байгаа. Аж ахуйн нэгжүүд энэ өөрчлөлтийг нийгмийн хариуцлага талаас, хүнлэг байх талаас харах учиртай. Их орлого олохыг зорихоос илүү, тогтвортой хугацаанд ажиллаж, ажилчдынхаа эрүүл мэнд, хувийн амьдралыг нь бодох хэрэгтэй. Мөн уг хуулиар уртын ээлжид гарч буй хүн өдөрт 12 цагаас илүү ажиллаж болохгүй гэж тусгасан байгаа.
-14 хоногийн цалинг 21 хоногтой дүйцүүлэн бодохоор аж ахуйн нэгжүүдэд алдагдалтай тусахаар байгаа, энэ заалтыг компаниуд хэрэгжүүлэх эсэх нь тун эргэлзээтэй санагдаж байна?
-Уурхайчдын хүлээж байсан гол зүйл нь уртын ээлжийг 14 хоног болгох байсан. Удаан хугацаанд ярилцсан зүйл. Ажил олгогчид өөрсдийн давуу эрхийг ашиглаад аль болох олон хоногоор ажиллуулах сонирхолтой байдаг. Гэхдээ үйлдвэрчний эвлэлийн зүгээс ажилтнаа бодох хатуу байр суурьтай байсны үр дүнд ажиллах хоногийг 14 болгосон юм. Аж ахуйн нэгжүүд салбарын боловсон хүчийг хөдөлмөрийн үнэлэмжээс болоод алдахаас болгоомжлох хэрэгтэй. Цалингаа бууруулбал тухайн ажилтан өөр компанид ажиллаж, өрсөлдөөн бий болно. Шинэ хуулиар уул уурхайн салбарын ажилтан ажлаас халагдахад 4-өөс доошгүй сарын цалинтай дүйцэх хэмжээний тэтгэмж олгох шаардлага тавьж байгааг санах хэрэгтэй.
-Шинэ хуульд “Үл өрсөлдөх гэрээ” гэж шинэ зүйл орсон байсан. Энэ талаар ярихгүй юу?
-Ажил олгогч тал тодорхой хэмжээний зардал гаргаж маш олон хүнийг сургадаг ч ажилтан нь сайн дураараа ажлаасаа гараад өрсөлдөгч компанид нь орчихдог, эсвэл өөрөө компани байгуулчихдаг асуудал гардаг. Үүнийг зохицуулах шаардлагыг талууд тавьсан. Үүнийг үйлдвэрчний эвлэл дэмжээгүй ч хэлэлцээрийн явцад дундын хувилбараар шийдвэрлэсэн нь “Үл өрсөлдөх гэрээ” юм. Энэ тохиолдолд тухайн компани уг ажилтанд авч байсан цалингийнх нь 50%-ийг олгох юм. Гэхдээ энэ заалтыг зөвхөн компанийн удирдах албан тушаалтан дээр хэрэглэх юм. Мөн уг хуульд “Сургалтын гэрээ”-ний талаар заасан. Ажилтан тухайн компанийн зардлаар сураад гэрээнд заасан хугацаанаас өмнө ажлаасаа гарахаар бол сургалтын төлбөрийнхөө 50%-ийг буцааж төлөх юм.
-Хөдөлмөрийн тухай хуулийг дагаад дагалдах 30 гаруй хуульд өөрчлөлт орох юм билээ. Дагалдах хуулиар малгай хуулийн хүчийг сулруулчих гээд байдаг тал бий. Үүндээр танайх хэрхэн ажиллаж байна вэ?
-Дагалдах хуульд маш сайн анхаарал төвлөрүүлэх учиртай. Дагалдах хуульд салаа утгатай зүйл оруулаад, шинэ журам гаргачихвал хуулийн үр дүн гарахгүй. Тиймээс дагалдах хуульд анхаарлаа хандуулж, үргэлжлүүлэн хэлэлцээд явна. Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд, нэгдүгээр сарын 1-нээс ажилтан, ажил олгогчид шинэ хуульд нийцүүлэн хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулах ёстой. Тиймээс ажилчид ажил олгогчидтой хамтын гэрээ байгуулахдаа маш болгоомжтой, няхуур хандах хэрэгтэй байна.
2013 ОНООС УРТЫН ЭЭЛЖИЙГ 14 ХОНОГ БОЛГОСОН
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн дарга А.Ариунзаяа
-2022 оны нэгдүгээр сарын 1-нээс шинэчилсэн Хөдөлмөрийн тухай хууль мөрдөгдөж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор танай компанид үүсч буй өөрчлөлт юу вэ?
-Шинэчилсэн Хөдөлмөрийн хууль хэрэгжихтэй холбоотойгоор дотоод дүрэм журмаа шинэчлэх, ажилтнуудтай байгуулах хөдөлмөрийн гэрээг төрөлжүүлэн, загваруудыг батлуулах зэрэг ажил хийгдэнэ.
-Уг хуультай холбоотойгоор танай компанид ямар нэгэн хүндрэл бэрхшээл үүсч байна уу?
-Манай компанийн уртын ээлж 14:14 хоног байдаг учраас хүндрэл үүсэхгүй гэж үзэж байна.
-КОВИД-той холбоотойгоор уурхайчдыг 7-10 хоног тусгаарлаад 14:14 хоногоор уртын ээлжид гаргахаар 4-7 хоног л ажиллах нөхцөл байдал үүсээд байна гэж зарим аж ахуйн нэгж үзээд байна. Ер нь тусгаарлалтын хоногт тухайн ажилтанд цалин бодогдох уу?
-КОВИД-ын тархалт өндөр байх үед ээлжид очсон ажилтнуудыг зарим тохиолдолд 3-7 хоног тусгаарлаж байсан. Тухайн үед уурхайчдын уртын ээлжийн хугацаа 28-40 хүртэлх хоног байсан. КОВИД-ын тархалт багасч ажилтнуудыг бүрэн тунд хамруулснаар 2021 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн компанийн зүгээс 14:14 ээлждээ орсон учраас уурхай дээр ажиллахаар очиход ажилтнуудыг тусгаарлахгүй байгаа.
-Танай компанийн уурхайчдын уртын ээлж хэзээнээс 14:14 болсон юм бэ. Урьд нь ийм ээлжээр ажиллаад эхэлсэн учир шинэчилсэн хуультай холбоотойгоор ажилчдын тоо, цалин хөлс зэрэгт ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэж ойлгож болох уу?
-Ерөнхийдөө тэгж ойлгож болно. 2013 оноос эхлэн ажилтнуудын ээлж 14:14 хоногтой болсон учраас манай компанийн хувьд ажилтнуудын цалин буурахгүй.
ШИНЭЭР АВСАН АЖИЛТНАА СУРГАХАД БАГАДАА 5-6 САРЫН ХУГАЦАА ШААРДЛАГАТАЙ
“Монголын Алт” (MAK) ХХК-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн
-2022 оны нэгдүгээр сарын 1-нээс шинэчилсэн Хөдөлмөрийн тухай хууль мөрдөгдөж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор танай компанид ямар өөрчлөлт орох вэ?
-Уул уурхайн салбарын ажилтнуудыг уртын ээлжээр буюу 14 хоног ажиллаж, 14 хоног амрах ажил амралтын горимд шилжүүлэхэд, манай компанийн орон тоо 25- 30%-иар нэмэгдэнэ. Манай компанийн хувьд хамгийн багадаа 500 гаруй ажилтныг шинээр авч ажиллуулах, ажилтны байр сууцыг нэмэгдүүлэх, ээлж солилцохтой холбоотой ажилчдын тээврийн тоог нэмэх, хүний нөөцийн болон цалин хөлсний бодлого, хөдөлмөрийн хөлстэй холбоотой журам, цалин тооцох аргачлал зэрэгт өөрчлөлт оруулахаар байгаа. Ялангуяа, уул уурхайн инженер болон бусад нарийн мэргэжлийн ажилтнуудыг одоогийн хөдөлмөрийн зах зээлээс авахад хүндрэлтэй байгаа бөгөөд шинэчилсэн хуулийн дагуу уул уурхайн салбарын хувьд ажиллах хүчний эрэлтийг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлэхээр байгаа.
-Шинэчлэгдсэн хуультай холбоотойгоор танайд ямар хүндрэл, бэрхшээл үүсээд байна вэ?
-Уул уурхайн салбарын ажилтнуудыг уртын ээлжээр буюу 14 хоног ажиллаж, 14 хоног амрах ажил амралтын горимд шилжүүлж, ажиллуулахад дараах асуудлууд бодитойгоор тулгарахаар байна. Нэгдүгээрт, одоогийн 3 ээлжийн зохион байгуулалтыг 4 ээлж болгосноор орон тоо 25-30%-иар өснө. Хуулийн хэрэгжиж эхлэх хугацаа маш давчуу байна. 2022 оны нэгдүгээр сарын 1 -ний өдрөөс өмнө 500 орчим ажилтныг хөдөлмөрийн зах зээлээс хайж, сонгон шалгаруулж авах, авсан ажилтнаа бэлтгэх, сургахад багадаа 5-6 сарын хугацаа шаардлагатай. Тиймээс энэ богино хугацаанд хуулийг хэрэгжүүлж, биелүүлэх боломжгүй болоод байна. Хоёрт, нэмэгдсэн ажилтнуудыг үйлдвэр, уурхайд байрлуулах байр орон сууц бэлтгэх хугацаа байхгүй болчихоод байна. Тухайлбал, өвлийн улиралд сууц, байр барих, барилгын ажил хийх боломжгүй. Мөн коронавируст халдварын улмаас ээлжээр очсон ажилтан уурхайд хамгийн багадаа 7 хоног тусгаарлагдаж байгаа тул 14 хоног ажиллаж, 14 хоног амрах ажил амралтын горимыг хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал болоод байна. Шинэ хууль мөрдөгдөж эхлэхтэй холбоотойгоор уул уурхайн салбарын ажиллах хүчний хомстол үүсэх, ажилтан олох, тогтоон ажиллуулах асуудал маш чухал асуудал.
-КОВИД-той холбоотойгоор уурхайчдыг 7-10 хоног тусгаарлаад 14:14 хоногоор гаргахаар 4-7 хоног л ажиллах нөхцөл байдал үүсээд байна уу. Мөн тусгаарлалтын 7-10 хоногт тухайн ажилтанд цалин бодогдох уу?
-Шинэчилсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4-т “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна.” гэж зааснаас үзвэл тусгаарлагдаж байгаа нь ажил үүрэг гүйцэтгэж байгаа гэж үзэхээргүй байгаа тул тусгаарлалтын хугацааг нь дуусгаад 14 хоног ажиллуулж болохоор байна гэж ойлгогдож байгаа. Мөн шинэчилсэн хуулийн 116.1-д заасны дагуу тусгаарлалтын хугацаанд үндсэн цалингийн 60-аас доошгүй хувьтай тэнцэх олговрыг олгодог.
Тусгаарлалтад байгаа ажиллагсад нь ямар нэгэн хөдөлмөрийн бүтээмж бий болгохгүй бөгөөд байгууллагаас үр ашиггүй цалингийн зардал гардаг.
-Шинэчилсэн хуультай холбоотойгоор ажилчдын цалин хөлст ямар өөрчлөлт орох вэ. Зарим уурхайчид цалин 30% хүртэл буурна гэж байна. Энэ үнэн үү?
-Үйлдвэр, уурхайд 20 хоног ажилладаг байсан ажилтныг 14 хоног ажиллуулахаар ажиллах хоног нь 5-6 хоногоор багасах бөгөөд энэ хэмжээгээр сард авах цалин нь 25-30 хувиар буурна. Ингэснээр үйлдвэр, уурхайд очиж ажиллах ажилтны сонирхол буурч, тухайн салбарт боловсон хүчний хомстол үүсэх эрсдэлийг улам нэмэгдүүлнэ. Үүнээс гадна 4 ээлжээр ажиллахтай холбоотойгоор компанийн цалин хөлс болон бусад зардал хамгийн багадаа 10 орчим хувиар өснө. Үүнд тээврийн зардал, хөдөлмөр хамгааллын зардал, байгууллагаас төлөх нийгмийн даатгалын шимтгэл, шөнө ажилласны нэмэгдэл хөлс гэх зэрэг орно. Цалин хөлстэй холбоотой зардал өссөнөөр бүтээгдэхүүний өртгийг 5 орчим хувиар өсөх тойм тооцоо гарсан. Манай “МАК Цемент” ХХК-ийн хувьд үйл ажиллагаагаа хэвийн, санхүүгийн тогтвортой байдлаа хадгалж ажиллахын тулд зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний үнээ нэмэгдүүлэхээр байгаа бөгөөд энэ нь барилгын материал, орон сууцны үнэ өсөх, инфляцын түвшинд нөлөөлөх байх гэж бодож байна. Мөн түүнчлэн барилгын материалын үнэ өссөнөөр тухайн салбар дахь дотоодын үйлдвэрүүдийн өрсөлдөх чадвар буурч, импортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, дотоодын үйлдвэрийн борлуулалт буурч, импорт нэмэгдсэнээр гадаад худалдааны тэнцэлд муугаар нөлөөлөх, валютын гадагш гарах урсгалыг нэмэгдүүлэх, төгрөгийн ханш сулрах, эдийн засагт тодорхой хэмжээгээр сөрөг үр дагаврыг авчирна.
-Уул уурхайн салбарын зарим аж ахуйн нэгж хугацаа давчуу байна зэрэг олон шалтгаанаар уг хуулийг хойш татах уриалга гаргаж байх шиг байна. Танайх үүнд нэгдэх үү. Уг хуультай холбоотой танай байгууллагын байр суурь?
-Шинэ Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4-т тусгасны дагуу 14 хоног ажиллаж, 14 хоног амрах ажил амралтын горим нь ажиллагсдад ээлтэй заалт болсон. Тодруулбал, ажиллагсдын эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн амьдралд эергээр нөлөөлж, залуу хосуудын гэр бүл салалт багасах, ар гэртээ зарцуулах хугацаа уртсах, хүүхдийн хүмүүжил зэрэгт эерэг зүйлсийг бий болгоно. КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор сүүлийн 2 жилийн хугацаанд уул уурхайн салбар нь маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Манай компанийн хувьд хил гааль, боомтын үйл ажиллагаа хаагдсан, түүхий эд бараа материалын нийлүүлэлт тасалдсан, ачаа тээврийн өртөг өссөн, борлуулалтын тоо хэмжээ эрс буурсан зэрэг давагдашгүй хүчин зүйлстэй тулгарч байгаа хэдий ч улс орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн, улсын төсөвт төвлөрүүлэх татвар хураамжийг цаг тухай бүр нь төлж ирсэн. Энэ хүнд цаг үед уул уурхай нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын хувьд тухайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон хэдэн компани нь ачааны хүндийг үүрч, улсын төсвийн орлогын ихээхэн хувийг бүрдүүлж байгаа. Энэ хүнд үед Цар тахлын тухай хууль нь томоохон аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй бөгөөд цаашид Төр засгаас гарах аливаа шийдвэр нь цаг үеэ олсон, үйлдвэрлэгч нарыг дэмжсэн байгаасай гэж бодож байна. Тиймээс 2022 оны нэгдүгээр сараас хэрэгжих Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4 нь ажиллагсдад ээлтэй, зөв зүйтэй заалт хэдий ч цар тахлын сөрөг нөлөө арилаагүй, эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед хэрэгжүүлэх нь цаг үеэ олоогүй бөгөөд хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах нь зүйтэй гэж үзэж байна. Коронавируст халдварын нөхцөл байдлын улмаас шинэ хуулийн “ажилтныг уртын ээлжээр ажиллуулах хугацаа, нөхцөл”-тэй холбоотой заалтуудын үйлчилж эхлэх хугацааг хойшлуулж өгөх талаарх хүсэлтээ Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Ажил олгогч эздийн холбоогоор дамжуулан холбогдох яаманд уламжилсан байгаа.
АЖИЛ ОЛГОГЧИЙН ХУВЬД ОЛОН ХҮНДРЭЛТЭЙ АСУУДАЛ ТУЛГАРЧ БАЙНА
“Оюутолгой” ХХК-ийн Хөдөлмөрийн харилцаа хариуцсан менежер Ж.Эрдэнэбилэг
-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх Хөдөлмөрийн тухай хуультай холботойгоор танай компанид ямар өөрчлөлт гарах вэ?
-Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн гол өөрчлөлтүүдийн нэг нь уртын ээлжийг 14:14 болгож, ажил амралтын хуваарьт шилжүүлсэн явдал. Одоогоор Оюутолгойн уурхайн ажилтнууд КОВИД-19-ийн тусгаарлалттай холбоотойгоор 28/14 буюу 28 хоног ажиллаж 14 хоног амрах хуваариар ажиллаж байгаа. Хуульд заасан уртын ээлжийг хэрэгжүүлээд “Оюутолгой” ХХК үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд нэмэлт ажиллах хүчин буюу 4 дэх ээлжийн ажилтнуудыг авч ажиллуулах шаардлагатай болж байна. Ажил амралтын тэгш хуваарийг хэрэгжүүлэхийн тулд бид шинээр ажилтнуудыг сонгон шалгаруулж авах, сургах зэрэг ажил хийнэ. Энэ ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх ба эхний ээлжид үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд чухал шаардлагатай ажлын байруудад шинээр ажилтнууд сонгон шалгаруулж авах ажил үргэлжилж байна. Бусад гол өөрчлөлт нь ажиллах хүч нийлүүлэх гэрээний хүрээнд ажиллаж буй ажилтнууд, хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтнуудтай холбоотой шинэ шаардлагууд болон шинэ хуулийн дагуу ажил амралтын хуваарьт орж буй өөрчлөлтийн улмаас ажилтнуудын цалин хөлсөнд гарах нөлөөлөлтэй холбоотой өөрчлөлтүүд байна.
-Уг хуультай холбоотойгоор танайд ямар хүндрэл, бэрхшээл үүсээд байна вэ?
-УИХ 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийг баталсан ба уг хуулийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Өөрөөр хэлбэл, шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийг нэг мөр ойлгож, бүрэн хэрэгжүүлж эхлэхэд үндсэндээ 6 сарын хугацаа өгсөн байгаа бөгөөд энэ нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын хувьд маш богино хугацаа байгаагаас гадна ажил олгогчийн хувьд олон хүндрэлтэй асуудал тулгарч байгаа. Хэдийгээр ажил, амралтын тэгш хуваарьтай холбоотойгоор ажлын байр шинээр нэмэгдэж байгаа ч Улсын Онцгой комиссын КОВИД-19 цар тахлын эрсдэлийг бууруулахаар баталсан шаардлагуудыг хэрэгжүүлж байгаа энэ цаг үед маш богино хугацаанд нэмэлт ажиллах хүч сонгон шалгаруулж авах, сургах, холбогдох нэмэгдэл хөлсийг дундаж цалин хөлснөөс тооцох тооцооллыг нэвтрүүлэх, ажиллах хүч нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудад адил хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, үүний дотор адил цалин хөлс урамшуулал олгох зэрэгтэй холбоотойгоор ажил олгогчдын хувьд санхүүгийн ачаалал нэмэгдэж байна. Ялангуяа уртын ээлжээр ажиллах ажилтнуудын тухайд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас батлагдан гарах дундаж цалин, илүү цаг нэмэгдэл хөлсийг хэрхэн тооцоолох журмыг бид хүлээж байна.
-КОВИД-19-тэй холбоотойгоор уурхайчдыг тусгаарлах шаардлага үүсч байгаа. Тусгаарлалтын хугацаанд тухайн ажилтанд цалин бодогдох уу?
-Одоогоор “Оюутолгой” ХХК зочид буудлын тусгаарлалтыг хэрэгжүүлж байгаа. Тусгаарлалтын үед ажилтнуудад үндсэн цалин, уурхайн нэмэгдэл, төлөвлөгөөт илүү цагийн хөлс олгож байна.
-Шинэчилсэн хуультай холбоотойгоор ажилчдын тоо, цалин хөлс зэрэгт ямар өөрчлөлт орох вэ. Зарим уурхайчид цалин 30% хүртэл буурна гэж байна. Энэ үнэн үү?
--Дээр хэлсэнчлэн ажил, амралтын тэгш хуваарьт шилжихийн тулд Оюутолгойн ажиллах хүчний тоог нэмэх шаардлагатай болж байгаа. Гэхдээ ажилтнуудын сарын дундаж ажлын өдрийн тоо буурч, амрах өдрийн тоо ихсэж байгаатай холбоотойгоор ажилтнуудын орлогод, ялангуяа илүү цагийн хөлс болон нэмэгдэлд зарим өөрчлөлт орохоор байна.
-Уул уурхайн салбарын зарим аж ахуйн нэгж уг хуулийн мөрдөх хугацааг хойш татах уриалга гаргаж байна. Танайх үүнд нэгдэх үү. Уг хуультай холбоотой танай байгууллагын байр суурь?
-Хууль батлагдсаны дараа бид судалж үзээд шинэ хуулийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс бүрэн хэрэгжүүлж эхлэхэд цаг хугацааны эрсдэл үүсэж болзошгүй гэж үзсэн. Олон хүнийг ажилд сонгон шалгаруулж авах, шинээр авсан хүмүүсийг сургах, хөгжүүлэх шаардлагатай тул уул уурхайн салбарт, ялангуяа инженер техникийн нарийн мэргэжлийн ажил үүргүүдэд хүний нөөцийн хомсдол үүсэх, төлөвлөсөн ажлууд Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан хугацаа хойшлох магадлал үүсэхээр байгаа. Гэвч эдгээр бэрхшээл, сорилтуудыг үл харгалзан бид шинэ хуулийг хэрэгжүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж байна. Хамгийн чухал өөрчлөлт болох ажил, амралтын одоогийн хуваарийг ажил, амралтын тэгш хуваарьт шилжүүлэх ажлыг 2022 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхээр бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллаж байна.
Р.Ренчиндулам