Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Европт эрчим хүчний хямрал болж байна

Европын  байгалийн хий болон цахилгаан эрчим хүчний томоохон хэрэглэгчид үнийн өсөлтөөс болж их хэмжээний хохирол амсаж байна. Аж үйлдвэрийн томоохон компаниуд үйлдвэрлэлээ бууруулж эхэлсэн нь эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлж байна гэж “Bloomberg”-т бичжээ. Дэлхийн улс орнууд нүүрс хэрэглэхээс татгалзаж, илүү цэвэр эрчим хүчний хэрэглээгээ өсгөн нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор цахилгаан эрчим хүч, орон байрны халаалтад байгалийн хийг түлхүү хэрэглэх болоод байгаа юм.  

Эрчим хүчний хямрал энэ жил аж үйлдвэрийн салбарт хүндээр туслаа. Байгалийн хийн үнэ өмнөх оноос 800 гаруй хувиар, цахилгааны үнэ 500 орчим хувиар өссөн байна. ОХУ Европ руу байгалийн хийн нийлүүлэлтээ хязгаарлаж, дээр нь цар тахлын омикрон хувилбарын тархалт  эрс нэмэгдэж байгаа, цаг агаар хүйтрэх төлөвтэй байгаа зэрэг нь Европын аж үйлдвэрийн эдийн засагт томоохон цохилт болно гэж эдийн засагчид ярьж байна. Тухайлбал, Европын металл хайлуулах хамгийн том үйлдвэр болох хөнгөн цагааны “Dunkerque Industries France” компани сүүлийн хоёр долоо хоногт үйлдвэрлэлээ бууруулжээ. Арваннэгдүгээр сарын эхэн үеэс тус үйлдвэр 20 орчим сая евро буюу 22.6 сая ам.долларын алдагдал хүлээсэн бөгөөд цахилгааны үнэ өндөр хэвээр байвал цаашид үйлдвэрлэлээ зогсоох эрсдэлтэй болжээ. Мөн “Nyrstar” компани Франц дахь цайрын үйлдвэрлэлээ нэгдүгээр сарын эхээр зогсоохоор болжээ.

Цаг агаарын таагүй нөхцөл байдал, байгалийн хийн хангамжийн асуудал Францын эрчим хүчний хангамжид аль хэдийнэ нөлөөлжээ. “Electricite de France SA” л гэхэд цөмийн хэд хэдэн реакторыг зогсоохоор боллоо. Нэгдүгээр сарын эхээр тус улсын цөмийн эрчим хүчний 30%-ийг хаах бөгөөд хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангахын тулд хий, нүүрс, газрын тосны хараат байдлыг улам нэмэгдүүлэх магадлалтай болжээ.

Цахилгааны үнийн өсөлт хүнсний зах зээлд ч нөлөөлж эхлээд байна. Колумбын их сургуулийн эрчим хүчний бодлогын төвийн судлаач Анне-Софи Корбо “Энэ байдал эцсийн дүндээ Европ төдийгүй бусад олон орны  хүнсний бүтээгдэхүүний үнэд нөлөөлнө. Хэрэв 2022 оны эхний улиралд байгалийн хийн нийлүүлэлт тасалдах, эсвэл хэт хүйтэн цаг агаар үргэлжилбэл олон компани  үйлдвэрлэлээ зогсооно” гэж ярьжээ.

Байгалийн хийн үнэ Европт арванхоёрдугаар сарын 21-нд түүхэн дээд хэмжээнд хүрч, мянган шоо метр нь анх удаа 2150 ам.доллар давсан байна. Хагас өдрийн дотор зардал 27%-иар өсчээ. Үнийн огцом өсөлт нь Беларусь, Польшоор дамжин Герман руу чиглэсэн Оросын “Ямал-Европ” хийн хоолойгоор дамжих нийлүүлэлт зогссонтой холбоотой ажээ.

Р.Ренчин