УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.28/ хуралдаанаар “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Сэдвийн хүрээнд гишүүд асуулт асууж, санал солилцож, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураахад 75.4%-ийн саналаар дэмжигдлээ. Ингээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Түр хороонд шилжүүллээ.
Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулахад дараах зохицуулалтыг тусгажээ.
Үүнд:
-Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34%-д ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100% тэглэх;
-2015 оны тавдугаар сарын 18-ны өдрийн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах;
-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах;
-Оюутолгой төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100% хариуцаж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;
-Оюутолгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;
-Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх зэрэг багтаж байгаа юм.
Р.Ренчин