Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

УИХ: Оюутолгойн тогтоолын төслийг баталлаа

-Тогтоолыг баталснаар Оюутолгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34%-д ногдох 2.3 тэрбум ам.долларын өр 100% тэглэгдлээ-

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.30/ хуралдаанаар “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах томъёоллоор санал хураахад 74.1%-иар дэмжигдэж, тогтоолын төсөл батлагдлаа.  

Тогтоолын төсөлтэй холбоотойгоор өнгөрсөн гуравдугаар сард Түр хороо байгуулагдсан бөгөөд уг хороо нь  Ц.Даваасүрэн гишүүнээр ахлуулан 23 гишүүнтэйгээр ажилласан юм. Энэ хугацаанд Түр хороо нь 4 удаа хаалттай, 7 удаа нээлттэйгээр нийт 11 удаа хуралдаж, Засгийн газарт 4 удаа чиглэл өгсөн байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Төслийг хэлэлцэн баталснаар Оюутолгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34%-д ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100% тэглэлээ. Өр тэглэгдсэнээр 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй байх, 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх зэрэг тооцооллоос зайлсхийж чадлаа. Тогтоолын төсөл батлагдсанаар 2015 онд байгуулсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг хуульд нийцүүлэн цуцалж, хүчингүй болгохоор шийдвэрлэлээ. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтэд хөндлөнгийн аудит хийлгэхээр боллоо. Энэ хүрээнд “Оюутолгой”ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээ хангах гэрээ байгуулах, ус ашиглалт, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлд хамтран ажиллах, татварын актуудын биелэлтүүдийг хангах зэрэг ажлуудыг хийх юм. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг хөрөнгө оруулагч тал 100% хариуцах, “Оюутолгой”ХХК-д, Монголын талд аливаа хэлбэрээр цаашид нэмэлт өр үүсэхгүй байх, өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчдийн болон гуравдагч талаас нэмэлт санхүүжилтийн зээл авахгүй. Үйл ажиллагааны орлого, борлуулалтын урьдчилгаа болон бусад санхүүжилтийн хэлбэрээр Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг хэрэгжүүлэх зөвшөөрлийг Засгийн газарт өгч байгаа юм. Тогтоол батлагдаж цаашид нэмэлт өр үүсэхгүй байхаар болсон нь сайшаалтай байна. Ингэснээр Монголын ард түмний ногдол ашиг  хүртэх хугацаа наашлах нөхцөл бүрдэх юм. Оюутолгойн ордыг хамтран ашиглаж, далд уурхайг ашиглалтад оруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх хэлэлцээ цаашид амжилттай хэрэгжиж, Монголын ард түмний хүлээж буй өгөөж нэмэгдэнэ гэж найдаж байна” гэлээ.

Р.Ренчин