Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятадын гангийн үйлдвэрлэл энэ онд 3.3%-иар буурна

Хятадын Төмөр, гангийн холбоо (CISA) энэ онд тус улсын гангийн үйлдвэрлэл өмнөх онтой харьцуулахад 35 сая тонн буюу 3.3%-иар буурч 1.03 тэрбум тоннд хүрэх төлөвтэй гэж танилцууллаа. Өнгөрсөн онд гангийн үйлдвэрлэл 1 тэрбум 65 сая тоннд хүрснээр дээд амжилт тогтоож байсан юм.  Харин тус улсын гангийн хэрэглээний хувьд энэ онд 2020 онтой харьцуулахад 5.5%-иар буурч 990 сая тоннд хүрэхээр байгаа ажээ. Ингэснээр сүүлийн таван жилийн хугацаанд анх удаа Хятадын гангийн хэрэглээ буурах дүр зураг тодорлоо. Ирэх онд тус улсын арматур төмрийн үйлдвэрлэлийн гарц буурч, дотоодын зах зээлд ханш ч багасна гэж тус холбоо тооцоолсон байна. Арматур төмөр болон төмрийн хүдрийн үнэ Хятадын зах зээлд аль хэдийнэ буурч эхэлсэн бөгөөд ирэх онд үргэлжлэн буурах төлөвийг шинжээчид илэрхийлж эхэллээ.

TradingEconomics-ийн мэдээлснээр энэ сар болон ирэх оны эхний сард Хятадын гангийн үйлдвэрүүдийн урсгал засвар таарч, гарц дагаад буурах тухай мэдээлсэн байна. Нөгөөтэйгүүр Хятадын гангийн эрэлт үл хөдлөхийн салбарын хямрал, эрчим хүчний асуудлаас үүдэн буурах болжээ. Өвлийн Олимп дөхөж буйтай холбоотойгоор Бээжинг оруулаад нийт 64 хотод агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авах тухай Хятадын Экологи, хүрээлэн буй орчны яам мэдэгдсэн.

Хятадын хойд хэсэгт, тэр дундаа Хэбэй, Шанси, Шандунь, Хэнан муж дахь хүнд үйлдвэр, уурхайнуудын үйл ажиллагааг агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хумих тухай шинжээчид тайлбарлаж байна. Энэ нь Хятадын эдийн засгийн өсөлтөд нөлөөлөөд зогсохгүй түүхий эдийн нийлүүлэлтэд асуудал үүсгэхээр байна. Хятадын хувьд Өвлийн Олимпын үеэр ганцхан цэнхэр тэнгэрийг амлаад зогсохгүй хүлэмжийн хийн ялгаруулалтгүй байдлаар зохиогдох болно гэсэн томоохон зорилтыг дэвшүүлээд буй юм.

Тэгэхээр ирэх оны гуравдугаар сарыг дуустал Хятадын хойд хэсгийн аж үйлдвэрлэл гарцаа үлэмж хэмжээгээр бууруулж болзошгүй төдийгүй түүхий эдийн нийлүүлэлтэд хэр хэмжээний нөлөөлөл үүсэх нарийн тоо баримт удахгүй тодорхой болно. Өвлийн Олимп дөхсөнтэй холбоотойгоор шинжээчдийн дунд болгоомжлол үүсээд байгаа ч, Хятадын Экологи, хүрээлэн буй орчны яам тус улсын хойд бүс нутгийн ган болон коксын үйлдвэрүүдийг өргөн хүрээгээр хаах, зогсоож магадгүй тухай яриа нь үндэслэлгүй болохыг саяхан мэдэгджээ.

Хятад ирэх онд дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжихийн сацуу мөнгөний бодлогыг тогтвортой хадгалах замаар эдийн засгийн өсөлтийг тэтгэх тухай тус улсын Төрийн зөвлөлийн Хөгжлийн судалгааны төв мэдээлжээ.

 

Б. Төгс