Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Коксжих нүүрсний эрэлт 2022 онд нэмэгдэнэ

Дэлхийн нүүрсний эрэлт 2021 онд 6%-иар өссөн нь экологитой холбоотой олборлолтыг багасгах зорилтод сөргөөр нөлөөлж байна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг "Нүүрс-2021" тайландаа онцолжээ. Энэ байдал цаашдаа эрчим хүчний болон коксжих нүүрсний олборлолтыг урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүргэж болзошгүй юм. Хэдийгээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэнэ гэж бүх улс орон амласан боловч хүлэмжийн хий ялгаруулдаг гол эх үүсвэр болсон нүүрсний эрэлт хэрэгцээ эрчим хүчний салбарт эрс нэмэгдэж байна. Энэ нь Ковид-19 цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтэд шаардагдаж буй цахилгаан эрчим хүчний эрэлтийг сэргээгдэх эрчим хүчний салбар хангаж дийлэхгүй байгаатай холбоотой. Мөн цахилгаан эрчим хүчний эрэлттэй зэрэгцээд байгалийн хийн үнэ огцом өссөн нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын үйлдвэрлэл 9%-иар өсөх гол шалтгаан болсон гэж дүгнэжээ.     

2021 оны эхний хагаст нүүрсний эрэлт их байсан нь нөөцийн хэмжээг бууруулж, үнийг өсгөсөн гэж эдийн засагчид бичиж байна. Хятад, Энэтхэгт нүүрсний хомсдол үүссэний улмаас эрчим хүч тасарч, Хятадад ган, хөнгөн цагааны үйлдвэрлэл буурч, эдгээр түүхий эдийн үнийг олон жилийн дээд түвшинд хүргэсэн юм. Энэ нь эргээд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, нүүрсний хомсдолыг бууруулах дотоодын бодлогыг хэрэгжүүлэхэд хүргэжээ.

"Цемент, гангийн үйлдвэрлэл, эрчим хүчний үйлдвэрлэлээс гадуурх хэрэглээг оруулаад олон улсын хэмжээнд нүүрсний эрэлт 2022 онд өсөх төлөвтэй байна. Энэ өсөлт 2013, 2014 онд хүрсэн дээд амжилтаас давахгүй. Гэвч цаг агаарын таагүй байдал, эдийн засгийн өсөлтөөс хамааран нүүрсний эрэлт 2022 онд бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч, дараагийн жилүүдэд энэ түвшинд хэвээр үлдэнэ гэж "Нүүрс-2021" тайланд онцолжээ. Ямар ч тохиолдолд эрэлт нь төдийлөн буурдаггүй коксжих нүүрсний хэрэглээ 2024 он хүртэл жилд дунджаар 1.7%-иар нэмэгдэж 1,164 сая тоннд хүрнэ гэж тайланд дурджээ. Түүнчлэн уул уурхайн салбарын нөлөө бүхий мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, дэлхийн гангийн үйлдвэрлэл нэмэгдэх бодит байдалтай холбоотойгоор коксжих нүүрсний эрэлт өссөөр байх бөгөөд ирэх 30 жилийн хугацаанд үнэ нь харьцангуй тогтвортой байна гэдэгт найдаж байгаа ажээ.

Р.Ренчин

Сэтгэгдэл (2)