Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Европын холбоо байгалийн хий, цөмийн эрчим хүчийг “ногоон” ангилалд оруулна

Европын холбоо байгалийн хий, цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг тодорхой нөхцөл хангасан тохиолдолд "ногоон" ангилалд оруулах тухай саналыг урьдчилсан байдлаар (2021.12.31) танилцууллаа. Европын холбоо ногоон хөрөнгө оруулалтын жагсаалтыг боловсруулж гаргасан байдаг ч эдгээр хоёр эх үүсвэрийг нэмж оруулах асуудал эцэслэгдээгүй байгаа юм. Байгалийн хий, цөмийн эрчим хүчний эх үүсвэр нь бүрэн "ногоон" ангилалд ордоггүй ч нүүрсний станцыг халах шилжилтийн хувилбар байх болно гэсэн санааг Европын Комисс дэвшүүлжээ. Тус саналыг боловсруулан энэ сарын сүүлээр эцсийн хувилбарыг танилцуулахаар зэхэж байна. Хэрэв саналыг Европын дийлэнх улс орон дэмжин баталбал 2023 оноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.  

Европын холбоо нь хүлэмжийн хийн ялгаруулалтгүй ногоон эдийн засгийг 2050 он гэхэд бүтээхийн тулд ногоон ангиллын хөрөнгө оруулалтын жагсаалтад дээрх эрчим хүчний эх үүсвэрийг багтааж магадгүй болж байна. Ингэснээр цаашид хувийн хөрөнгө оруулалтын сангуудыг энэ чиглэлд түлхүү санхүүжилт хийх орчин нөхцөлийг бүрдүүлэх, бас компаниудад ногоон шилжилт хийхэд нь илүү тодорхой байдлыг үүсгэх юм.

Байгалийн хийн хувьд нүүрсний станцтай харьцуулахад хавьгүй бага (50%-иар бага) хэмжээний хүлэмжийн хийн ялгаруулалттай. Харин цөмийн цахилгаан станц нь хийн ялгаруулалт маш багатай боловч цацраг идэвхит хаягдлыг хэрхэх тухай асуудал тулгардаг. Иймд цөмийн цахилгаан станцуудын хувьд цацраг идэвхит хаягдлыг аюулгүй хадгалах/булшлах тухай төлөвлөгөө, талбай, зарцуулах төсвийг нарийвчлан гаргасан байх шаардлагатай ажээ. Цөмийн цахилгаан станцын тухайд барилгын зөвшөөрлөө 2045 оноос өмнө авах ёстой. Одоо ашиглагдаж буй цөмийн станцууд үйл ажиллагааны хугацаагаа сунгуулах болбол 2040 онд багтааж хийх тухай хугацааны товыг мөн тусгажээ.

Байгалийн хийн цахилгаан станцын тухайд нэг КВт.цаг цахилгаан үйлдвэрлэлд оногдох нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын хэмжээ 270 гр-аас доош байвал ногоон ангилалд оруулах боломжтой гэж төлөвлөгөөнд тусгажээ. Түүнчлэн 2030 оноос өмнө барилгын зөвшөөрлөө авсан байх учиртай ажээ. Мөн 2035 оноос хүлэмжийн хийн ялгаруулалт багатай хийн түлшүүд руу шилжих нөхцөлийг биелүүлэх шаардлагыг давхар тавих юм байна.

Европын Комиссийн хувьд сэргээгдэх эрчим хүч рүү бүрэн шилжих хүртэл чулуужмал түлшний нэг төрөл болох байгалийн хий, үүний хамт цөмийн реакторыг түших нь шилжилтийн нөөц хувилбар гэж саналд тусгажээ. Энэ бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэж Европын Комисс тайлбарлаж байна. Ингэхдээ эдгээр хоёр эх үүсвэрийг бүрэн ногоон ангилалд оруулахгүй гагцхүү шилжилтийн арга хэрэгсэл гэсэн агуулгаар ногоон санхүүжилтийн ангилалд оруулах ажээ.

Энэ сарын сүүлээр өргөн барих төлөвтэй байгаа тус саналыг Европын улс орнууд дэмжихгүй байх магадлал бас өндөр. Учир нь Европын холбооны зарим мэргэжилтнүүд байгалийн хийн станцын нүүрсхүчлийн хийн ялгаруулалт КВт.цаг тутамд 100 гр-аас доош байх шаардлагад нийцсэн нөхцөлд ногоон эх үүсвэрт тооцох боломжтойг анхааруулдаг. Цөмийн эрчим хүчний тухайд Германаас гадна Австри, Люксембург зэрэг улс хүчтэй эсэргүүцэж байна. Ялангуяа Герман улс энэхүү саналыг “туйлын буруу зүйл” гэж тодотгоод гагцхүү сэргээгдэх салбар л жинхэнэ ногоон ангилалд орох ёстой гэж шүүмжилжээ. Харин Франц, Польш, Чех зэрэг орны хувьд цөмийн эрчим хүчийг шилжилтийн хувилбараар ашиглах нь зүйтэй гэсэн байр сууринд зогсдог. Нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүч нь цэвэр/ногоон шийдэл талаасаа төгс хувилбар боловч эрчим хүчний тогтвортой үйлдвэрлэл болон хэрэглэгчдэд хямд эх үүсвэр болж чадах эсэх үүднээсээ асуудалтай хэвээр гэдгийг байгалийн хий, цөмийн эрчим хүчийг дэмжигч талууд сануулж байна.

 

Б. Төгс