Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Нүүрсний экспорт 2021 онд 44%-иар буурав

2021 оны арванхоёрдугаар сарын 24-30-ны өдрүүдэд авто замаар 665, төмөр замаар 800 чингэлэг нийт 135.6 мянган тонн нүүрс,  авто замаар 144 чингэлэг зэсийн баяжмал, төмөр замаар 8 чингэлэг буюу 0.9 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ.

Өнгөрөгч 2021 онд 21.3 сая тонн нүүрс олборлож, оны эхнээс арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 15.9 сая тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44.3%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Өнгөрөгч оны эхнээс арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 1.24 сая тонн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 11%-ийн бууралттай байв. Гэсэн хэдий ч зэсийн баяжмалын үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байсан учир 2021 оны төлөвлөгөө 111%-ийн гүйцэтгэлтэй буюу давж биелжээ.

Төмрийн хүдрийн баяжмалын тухайд, мөн хугацаанд 6.89 сая тонныг экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 15%-иар буурчээ.

Манай улсын экспортын гол түүхий эдүүдийн гарц буурсан нь коронавируст халдварын тархалтын улмаас БНХАУ хилээ хаасантай холбоотой юм.  

Харин төв банк оны эхнээс өнгөрсөн сарын 30-ны өдрийн байдлаар 20.60 тн алт худалдан авсан нь 2020 оны мөн үеэс 12.5%-ийн бууралттай байгаа ч 2021 оны төсвийн тодотголоор баталсан төлөвлөгөөнд хүрч, гүйцэтгэл 103%-ийн биелэлттэй байна.  

2021 онд 4.66 сая баррель газрын тос олборлож, 4.09 сая баррелийг экспортолжээ.

 

Эх сурвалж: УУХҮЯ