Нефть экспортлогч орнуудын холбоо (ОПЕК)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммед Баркиндо AP агентлагт ярилцлага өгөхдөө энэ онд нефтийн үнэ огцом буурахгүй гэдгийг онцолжээ. Тэрбээр” Манай байгууллагын Техникийн хорооны мэргэжилтнүүд 2022 онд эрэлтийн өсөлтийн урьдчилсан таамаглалыг 4.2 сая баррелиар тооцоолсон. Өөрөөр хэлбэл, энэ хувилбараар нефтийн зах зээл дэх нийлүүлэлтийн илүүдэл өдөрт 1.4 сая баррель хэвээр байх ба дэлхийн нөөц 525 сая баррелиар нэмэгдэнэ гэсэн таамаг байна. Бид ямар ч тохиололд олборлолтыг бууруулахгүй. Цар тахлаас шалтгаалж дэлхийн эдийн засгийн сэргэлт аажмаар саарах төлөвтэй байгааг хэлэх хэрэгтэй байх. Хэдийгээр нийлүүлэлт илүүдэлтэй байх ч үнэ буурахгүй, жилийн гуравдугаар улирлаас үнэ тогтворжих төлөв харагдаж байна” гэлээ.
Дашрамд сонирхуулахад, ОПЕК-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммад Баркиндо үүрэгт ажлаа энэ жилийн долдугаар сарын сүүлээр хүлээлгэн өгөх юм. Тэрбээр 2016 оноос хойш хоёр удаа дараалан сонгогдсон билээ. Түүний оронд Кувейтийн захирагч асан Хайтам Аль-Гайс ажиллах юм. “Al Jazeera"-д бичсэнээр түүнийг ямар нэг санал хураалтгүйгээр шууд сонгожээ. Хайтам Аль-Гайс газрын тосны салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн аж. Мөн 2017-2021 онд тус холбоонд Кувейтийн төлөөлөгчдийг тэргүүлж байжээ. “JBC Energy” зөвлөх компанийн тэргүүн Йоханнес Бенигн “Аль-Гайс бол маш мэдрэмжтэй, зах зээлийн нарийн ширийнийг мэддэг, сайн шинжээч” гэж хэлсэн байна.
Р.Ренчиндулам