Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Казахстаны үймээнээс шалтгаалан ураны үнэ 8% өслөө

Казахстанд сүүлийн өдрүүдэд болж буй үймээнээс шалтгаалан ураны дэлхийн зах зээлийн үнэ 8% өслөө хэмээн Bloomberg мэдээллээ.

Ураны зах зээлийн үнийн өөрчлөлтийг мэдээлдэг UxC платформын мэдээг Bloomberg эх сурвалж болгосон бөгөөд нэг фунт ураны үнэ $45,25 болсон байна. Нэгдүгээр сарын 4-ны Мягмар гаригт ураны үнэ $42 байжээ. Ийнхүү нэг өдрийн дотор 8% өслөө.

Казахстан нь дэлхийн ураны нийлүүлэлтийн 40%-ийг хангадаг. Шингэрүүлсэн хийн үнийг нэмснээс үүдэн иргэдийн үймээн эхэлсэн өдөр Казахстаны уран олборлогч "Казатомпром" компанийн хувьцааны ханш Лондоны бирж дээр 8,8% унасан юм.

Шингэрүүлсэн хийн үнийг нэмсэнтэй холбоотойгоор Казахстаны Мангистау мужид нэгдүгээр  сарын 2-ны Ням гарагт эсэргүүцлийн жагсаал эхэлсэн бөгөөд төдөлгүй бусад томоохон хотод жагсаал үргэлжилсэн. Тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нэгдүгээр сарын 5-19-ний хооронд онц байдал тогтоож байгааг зарласан ч нөхцөл байдал өчигдөр /2022.01.05/ эсэргүүцэгчдийн үйл хөдлөл бүрэн хяналтаас гарчээ. Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Засгийн газрыг огцруулах зарлиг гаргасан ч байдлыг намжаасангүй. Казахстан улс ОХУ-аас цэргийн тусламж хүссэн бөгөөд Хамтын Аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулагч цэргүүдийг оролцуулна хэмээн тус байгууллагын зөвлөлийг тэргүүлж буй Армянийн Ерөнхий сайд Никол Пашинян өнөөдөр /2022.01.06/ Оросын ТАСС агентлагт мэдээлсэн байна.

Хамтын Аюулгүй байдлын гэрээний байгууллагад ОХУ, Беларус, Казахстан, Киргиз, Армян, Тажикистан багтдаг.

А.Чандмань