Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Цагаан алтны үнэ 2022 онд буурна

Сүүлийн жилүүдэд эрэлт нь нэмэгдэж байсан цагаан алтны (платинум) үнэ 2022 онд буурах магадлалтай байна гэж Дэлхийн Платинум хөрөнгө оруулалтын зөвлөл (WPIC)-ийн тайланд онцолжээ. Энэ нь автомашины катализаторт ашигладаг уг үнэт металлын илүүдэлтэй холбоотой ажээ.

Тодруулбал, автомашины бичил чипний хомсдолоос шалтгаалж автомашин үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ бууруулсан юм. Мөн автомашин үйлдвэрлэлийн салбар сүүлийн 6 сар гаруйн хугацаанд бичил чипний хомсдолд орсны улмаас 7-9 сая суудлын автомашин үйлдвэрлэх боломжгүй болсон гэж шинжээчид тооцоолжээ. Түүнчлэн цар тахлын үед компьютерийн тоног төхөөрөмжийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж, бичил чип үйлдвэрлэгчид ачааллаа дийлэхгүй болоод байгаа. Үүнтэй холбоотойгоор автомашин үйлдвэрлэл буурч, цагаан алтны илүүдэл үүсээд байгаа юм.

Өнгөт металлын “Норникель” компанийн дэд ерөнхийлөгч Антон Берлин "Ведомости" сонинд ярихдаа, дэлхийн цагаан алтны зах зээл дэх илүүдэл бодитой болсныг онцлоод 2-3 жилийн дараа үнэ өсч эхэлнэ гэсэн таамагтай байгаа гэсэн байна. Хэдий нөхцөл байдал ийм байгаа ч  дэлхийн цагаан алтны нийлүүлэлтийн 60%-ийг хангадаг Өмнөд Африк энэ онд нийлүүлэлтээ 19%-иар нэмэгдүүлж, 4,65 сая унц болгох магадлалтай байгааг шинжээчид хэлж байна. Нью-Йоркийн "Comex" биржийн Мягмар гаригийн арилжаагаар нэг унц цагаан алтны үнэ 968 ам.долларын ханштай байгаа юм.

Р.Ренчин