Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ханш

Цагаан мөнгөний ханш өснө

Стратегийн чухал ашигт малтмалд тооцогддог цагаан мөнгөний ханш 2022 онд өснө гэж “Metals Focus”-ийн шинжээчид таамаглаж байна. Тэдний таамгаар нэг унц мөнгөний дундаж ханш 28.75 ам.доллар болох төлөвтэй байгаа ажээ. Хөрөнгө оруулалт, үнэт цаасны эрэлтээс шалтгаалж цагаан мөнгөний ханш 2020 онд 43%-иар өссөн боловч 2021 онд буурч унц нь 26.37  ам.доллар болж байв. 2021 оны хоёрдугаар сард 28.55 ам.долларт хүрч сүүлийн найман жилийн дээд амжилтаа тогтоож байсан удаатай. Биржээр арилжсан мөнгөн бүтээгдэхүүний эрэлт эхний улиралд дээд амжилт тогтоож 1.2 тэрбум унц болсон. Тэр үед үнэ өссөн нь АНУ-ын Засгийн газрын санхүүгийн урамшууллын арга хэмжээ, дэлхийн аж үйлдвэрлэл сэргэсэн зэргээс шалтгаалж байжээ.

“Focus Economics”-ийн эдийн засагч Стивен Берк ”Ногоон эрчим хүчний салбар мөнгөний үнийн өсөлтөд маш чухал нөлөөтэй. Гэвч цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд ногоон технологи  эрчимтэй хөгжиж чадсангүй. Харин энэ жил нөхцөл байдал өөр болно гэж найдаж байна. Хэдийн цар тахлын нөлөө арилаагүй байгаа ч ногоон технологид хөрөнгө оруулах нь нэмэгдэх байх. Томоохон уурхайнууд ч олборлолтоо нэмэгдүүлэх төлөвтэй байна. Дагаад цагаан мөнгөний ханш тогтворжих төдийгүй өсөх магадлал их” гэж ярьжээ. 

Мөнгө нь өвөрмөц шинж чанартай тул үйлдвэрлэлийн олон салбарт ашигладаг. Энэ үнэт металл маш зөөлөн, давтагдах чанараар зөвхөн алтны дараа л орно. Цахилгаан дулааныг бүх металлаас илүү сайн дамжуулдаг, тиймээс эрчим хүч, гар утас, цөмийн реактор, цахилгаан машин, анагаах ухаан зэрэг олон салбарт ашигладаг. Энэхүү үнэт металлаар үнэт эдлэл, бэлэг дурсгал хийдэг иргэд, аж ахуйн нэгжид олон улсын стандарт шаардлагыг хангасан, 999 сорьцтой үрлэн болон гулдмай хэлбэртэй цагаан мөнгийг Монголбанкны Эрдэнэсийн сан худалддаг юм.

Р.Ренчин