Дэлхийн нүүрсний томоохон хэрэглэгч БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өнгөрсөн оны 1-10 дугаар сард өмнөх оны мөн үеэс 31.6% буурч, 47.2 сая тоннд хүрсэн гэж Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд дурджээ. Өнгөрсөн оны буюу 2021 оны эхний есөн сард Хятадын хувьд Австралиас коксжих нүүрс бараг импортлоогүй төдийгүй Монголын нүүрсний нийлүүлэлт тасалдсан нь үүнд нөлөөлсөн гэж “Mysteel Global”-д онцолжээ. Хэдийгээр урд хөрш мөн хугацаанд АНУ, Канад, ОХУ-аас импортлох нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлсэн ч хүчтэй нөлөө үзүүлж чадаагүй байна.
Харин 2021 оны арваннэгдүгээр сард Хятадын коксжих нүүрсний импорт өмнөх сарынхаас 76.6% нэмэгдэж, 7.7 сая тоннд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Хятадын бүх төрлийн нүүрсний импорт арваннэгдүгээр сараас өсч, тэр дундаа Австрали улс 2020 оны аравдугаар сараас хойш алдаад байсан коксжих нүүрс нийлүүлэгчийн байр сууриа сэргээж эхэлснийг шинжээчид онцолжээ. Тодруулбал 2021 оны арваннэгдүгээр сард Хятад улс Австралиас 2.7 сая тонн коксжих нүүрс импортолсон байна. Хятадын боомтууд Австралийн нүүрсийг Хятадын зах зээлд нэвтрүүлэхийг зөвшөөрсөн боловч импортын хязгаарлалт тодорхой хэмжээнд үргэлжилсэн хэвээр байгаа юм. Импортын хязгаарлалт аажмаар сулрах нь цаг хугацааны асуудал болоод байгаа ажээ.
Монголоос импортлох коксжих нүүрсний хэмжээ 2021 оны арваннэгдүгээр сард өмнөх сарынхаасаа 17.4% өсч 1.4 сая тоннд хүрсэн байна. Гэсэн ч энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 43.4% буурсан үзүүлэлт гэж Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд өгүүлжээ. Хятад-Монголын хилийн шалган нэвтрүүлэх боомтуудад хэрэгжүүлж буй коронавирусийн тархалтыг зогсоох арга хэмжээ нь хоёр улсын нүүрсний худалдаанд саад учруулж байгаа гол хүчин зүйл хэвээр байна. 2021 оны эхний 11 сарын хугацаанд Монгол улс Хятадын коксжих нүүрсний импортын 27.9%-ийг эзэлж байгааг “Mysteel Global” мэдээлжээ.
Р. Ренчин