Гаалийн ерөнхий газрын мэдээллээр өнгөрсөн онд АИ-92 шатахууны импортын үнэ 85%-иар өссөн байна. Тодруулбал өнгөрсөн оны нэгдүгээр сард АИ-92 шатахууны импортын дундаж үнэ тонн тутамдаа 446 ам.доллар байсан бол арванхоёрдугаар сард 826 ам.доллар болж нэмэгджээ. Дэлхийн зах зээлд газрын тосны ханш нэмэгдэхийн хэрээр импортын үнэ дагаад өсч байна.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
Өнгөрсөн онд манай улс нийтдээ 1.76 сая тонн газрын тосны бүтээгдэхүүнийг 1.13 тэрбум ам.доллараар импортолсон байна. 2021 оны нефтийн бүтээгдэхүүний импортын биет хэмжээг 2020 оныхтой харьцуулахад 5.3%-иар буурсан боловч импортын үнийн дүн нь даруй 38.5%-иар өссөн байна. Үүний 485 мянган тонныг АИ-92 шатахуун эзэлсэн бол дизель түлшний импорт 989 мянган тоннд хүрчээ. Өөрөөр хэлбэл манай улс өнгөрсөн онд илүү бага хэмжээний шатахууныг илүү өндөр үнэ төлж импортолж авчээ.
Одоогийн байдлаар Брэнт маркийн газрын тосны ханш баррель тутамдаа 83.6 ам.доллар байгаа бол энэ онд дунджаар 70 гаруй ам.долларт хэлбэлзэнэ гэж Олон улсын Эрчим хүчний агентлаг (IEA) тооцоолжээ.
Эх сурвалж: investing.com
Б. Төгс